“Дэлхийн бүжгийн өдөр”-өөр аутизмтай хүүхдэд зориулсан тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2018-04-25 14:54:14
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын хамт олон жил бүрийн 4 дүгээр сарын 29-нд тохиодог “Дэлхийн бүжгийн өдөр”-ийг тохиолдуулан нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа зохион байгуулахаар болжээ.

ЮНЕСКО-гийн шийдвэрийн дагуу 1982 оноос эхлэн дэлхийн улс орнуудад бүжгийн өдрийг тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 4 дүгээр сарын 29-ний өдөр бол Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд түүнийг дэлхийн орчин үеийн балетын эцэг хэмээн нэрлэдэг. Тэрбээр 1727 оны 4 дүгээр сарын 29-нд төрж, 1810 оны 10 дугаар сарын 19-нд таалал төгсчээ. Жан-Жорж Новерийг бүжгийн онолч, бүжгийн урлагт хамгийн том өөрчлөлт хийсэн гавьяатан гэж дэлхийн урлаг судлаачид үнэлдэг билээ. Түүнийг бүжгэн жүжигт баатарлаг дүр төрх болон эмгэнэлт байдлыг харуулсан шинэ өнгө төрхийг бий болгосон гэж үздэг. Тэрбээр 1759 онд тайзны зураач, найруулагч, хөгжмийн зохиолч болон бүжигчдийн хамтын хөдөлмөрийн талаар “Бүжгэн жүжиг болон бүжгийн урлагт бичсэн захидал” хэмээх номоо нийтлүүлж байжээ.
“Дэлхийн бүжгийн өдөр”-т зориулан УДБЭТ-ын уран бүтээлчид энэ сарын 28-нд Ф.Шопен ”Щопениана”, Л.Минкус “Пахита” балетын тоглолтын 25 жилийн ойн тоглолт, 29-нд “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтоор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Тус театрын хамт олон тоглолтоороо дамжуулан сайн үйлсийг дэмжих зорилгоор “Аутизмтай хүүхдүүдийн төлөө хамтдаа” уриаг зорилгоо болгон аутизмтай хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүдэд урам зориг өгөхөөр ажиллаж байгаа аж.
Ж.Болор

Холбоотой мэдээ