Д.Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх тухай захидал илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-05-03 11:23:17
ВАШИНГТОН. /ТАСС/. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах болон хямралаас гаргах, тус хойгт энх тайван тогтооход чиглэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хүчин чармайлтыг үнэлэн, түүнийг 2019 оны Нобелийн шагналд нэр дэвшүүлэхийг хүссэн захидлыг Конгрессын хэсэг бүлэг гишүүн Нобелийн хороо руу явуулжээ.
 
Конгрессын 13 гишүүн гарын үсгээ зурсан тус захидалд “Төрийн тэргүүний албан тушаалыг хашиж эхэлснээсээ хойш Д.Трамп Умард Солонгосыг цөмийн зэвсгээс татгалзуулахын тулд тус улсад дээд зэргээр шахалт үзүүлэхийн төлөө шаргуу ажилласан. Д.Трампын засаг захиргаа Умард Солонгосын эсрэг хориг арга хэмжээг авч хэрэгжүүлэх үйл явцад олон улсын хамтын нийгэмлэг тэр дундаа Хятад улсыг амжилттай нэгдүүлж чадсан.  Эдгээр хориг арга хэмжээ нь Умард Солонгосын эдийн засгийг уналтад оруулж, тус улсын эрх баригчдтай яриа хэлэлцээ хийх боломжийг олгосон юм. Умард Солонгос 4 дүгээр сарын 20-нд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж байгаагаа мэдэгдсэн бол 4 дүгээр 27-нд  Умард болон Өмнөд Солонгосын эрх баригчид дайныг дуусгах, хоёр Солонгосыг нэгтгэхэд хамтран ажиллахаар тохиролцсон билээ. Дэлхий дахинд энх тайван тогтоох цуцашгүй үйл хэрэгт Ерөнхийлөгч Д.Трампаас илүү хэн 2019 онд Нобелийн хороонд хүлээн зөвшөөрөгдөхийг бид төсөөлж чадахгүй байна” хэмээн дурдсан байна.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ