Хуучин модон тавилга дахин ашиглах төсөл шилдгээр шалгарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-05-03 18:54:25

Завхан /МОНЦАМЭ/. Залуучуудын гарааны бизнесийг дэмжих зорилготой “Start up Weekend” хөтөлбөрийн хоёрдугаар шатанд Завхан аймгийн залуучуудын Smart furniture багийнхны хуучин модон бүтээгдэхүүнийг дахин ашиглаж олон үйлдэлт тавилга хийх төсөл шалгарчээ.

Тус хөтбөлбөрийн нэгдүгээр шатанд гарааны бизнес эрхлэх сонирхолтой  64 залуу бүртгүүлснээс хоёрдугаар шатанд залуучууд төслийн сургалтанд хамрагдаж төсөл бичжээ. Тэднээс 45 залуу шалгарч бизнес санаагаа уралдуулснаас Smart furniture багийнхны дээрх төсөл шалгарч 10 сая төгрөгийн  буцалтгүй тусламж авчээ. Харин 10 сая төгрөгийн эргэн төлөгдөх нөхцөлтэй санхүүгийн дэмжлэгийг хоёроос зургадугаар байруудад шалгарсан Light tree, Цагаан сүүний шим, Арга билэг, ЗА сервис, Авто сервис зэрэг төслүүдэд олгосон байна.
Монгол Улсад албан ёсны эрхтэйгээр зохион байгуулагддаг “Startup Weekend” арга хэмжээг Завхан аймаг хоёр дахь жилдээ зохион байгуулсан нь энэ юм. Энэхүү арга хэмжээ нь залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилготой бөгөөд Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр “GFA Консалтинг” группийн хэрэгжүүлж буй Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөлтэй хамтран ажиллах хүрээнд зохион байгуулагддаг.  “Start up Weekend” хөтөлбөрийг стартап Монгол ТББ-тай хамтран зохион байгуулж залуучуудын ямар нэг санааг бодит бизнес болгох хүртэлх шат дамжлагуудтай оролцогчдыг биечлэн танилцаж, туршлагажих боломжийг нь 54 цагт багтаан олгодгоороо онцлогтой юм. Уг хөтөлбөр нь дэлхийн 130 орны 800 гаруй хотод тогтмол зохион байгуулагддаг үр дүн нь батлагдсан олон улсын арга хэмжээ бөгөөд зохион байгуулагчдын зүгээс инноваци төрөх орчныг бүрдүүлж, оролцогчдыг чиглүүлэн, өөрсдийг нь ажиллуулдагт үйл ажиллагааны давуу тал нь оршдог юм байна. 

Дашрамд Завхан аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас гарааны бизнесээ эхлүүлэх сонирхолтой өөрийн гэсэн шинэ шилдэг санаатай залуучуудад төсөл бичих, бизнесийн олон талын сургалтуудыг явуулдаг ажээ.  

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ