Улаанбаатар хотод хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдээр иргэдээс санал авна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-01 11:25:40

Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн санаачилгаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Азийн сантай хамтран “Иргэдийн оролцоо-Хотын маргааш” сэдвээр иргэдээс санал асуух арга хэмжээг энэ сарын 12-13-нд зохион байгуулна.  

Зөвлөлдөх санал асуулгаар дараахь төслүүдийг иргэдэд танилцуулж, саналыг нь авах ажээ. Үүнд, Улаанбаатар метро, Туул усан сан цогцолбор, Туулын хурдны зам, Хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк, Барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк багтаж байна. Мөн Эко парк байгуулах, Улаанбаатар хотын зүүн талд ачаа тээврийн нэгдсэн логистикийн төв байгуулах, Сургууль, цэцэрлэгийн барилгын дулаан техникийн шинэчлэлт, Монгол наадам цогцолбор, Экологийн коридор байгуулах, Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах, Улаанбаатар хотыг хийн түлшээр хангах зэрэг асуудлаар иргэдийн саналыг авах юм.

Улаанбаатар хотод анх удаа зохион байгуулах тус арга хэмжээнд энэ чиглэлээр мэргэшсэн Станфордын Их сургуулийн Зөвлөлдөх Ардчилал төвийн захирал Доктор. Жэймс Фишкин мэргэжлийн зөвлөгөө өгч, туршлагаасаа хуваалцаж байгаа юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ