Баянхонгорт жилийн 30 орчим хоногт шороон шуургатай байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-16 10:02:39
Баянхонгор/МОНЦАМЭ/ Баянхонгор аймгийн уур амьсгалын өөрчлөлт, хандлагын судалгааг аймгийн УЦУОША-аас гаргажээ. Хангай, тал хээр, говь хосолсон нутагтай Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт жилийн дундаж температур нутгийн хойд хэсгээр -4.1-ээс -7.5 градусын хүйтэн, төвийн хэсгээр 0.0 градус байхад өмнөд хэсэгт 2.8-аас 8.8 хэмийн дулаан байгаа нь дулаан хүйтний хэлбэлзэл ихтэйг илтгэж байна.
Дээрх судалгааны зарим сонирхолтой тоо баримтаас хүргэе.
-Жилийн хамгийн хүйтэн нэгдүгээр сарын уур амьсгалын дундажаар үнэмлэхүй хамгийн бага температурыг  2017 онтой харьцуулахад -23.0-аас -43.5 градусын хүйтэн байсан.
-Аймгийн хойд хэсгээр -39.4-аас -49.5 гадус, төв хэсэгт -35.1-ээс -39.9 градус, өмнөд хэсэгт -35.6-аас -44.1 градус хүртэл хүйтэрдэг бол Гурванбулаг сумын нутгаар 2015 оны нэгдүгээр сард -49.5 хэм хүрч хүйтэрсэн байдаг.
-Баянхонгор аймгийн нийт нутгаар салхины чиглэлд өөрчлөлт ороогүй. Харин салхины дундаж хурд сүүлийн жилүүдэд 0.5м/с өссөн, их хурд хэмжээ нэмэгдсэн, хүчтэй салхитай өдрийн тоо олон жилийн дунджийн орчимд байна.
-Баянхонгор аймгийн нутагт жилийн дулааны улиралд болох 4-10 дугаар сард нийт орох хур тунадасны 90-94 хувь нь ордог нь Монгол орны хур тунадасны горим манай аймагт тод илэрдэг.
-Жилд дунджаар хангай бүсийн нутгаар 25 өдөр, тал хээрийн бүсийн нутгаар 34 өдөр, говийн бүсийн нутгаар 38 өдөр шороон шуургатай байдаг.
-Хамгийн их салхины хурд  2013 оны гуравдугаар сард  Баянговь суманд 34м/с, Эхийн голын орчмоор 40м/с хүрч гамшигт үзэгдэл ажиглагдаж, Баянговь суманд хүчтэй шороон шуурганаас болж 27 айлын гэр нурж багагүй хохирол гарч байжээ.
                                                                                                                                   Б.Мөнхзул
Холбоотой мэдээ