Хулсны баавгайн эх орон Сичуань-2

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-06-02 14:36:04
/Үргэлжлэл/

Дорноговь /МОНЦАМЭ/. Монголын сэтгүүлчдийн сурвалжлах баг Хятадын нийслэл Бээжин-Гуйжөү- Сычуань мужийн чиглэлд хоёр багт хуваагдан тавдугаар сарын 20-ноос тав хоногийн турш аялж тус орны хөгжил дэвшил, хүн ардын аж амьдралыг сурвалжиллаа. 

Бидний дараагийн буудал Сичуань муж. Зураг дээрх хот нийслэл Чиндүгийн дүр төрх. Тэнгэр баганадсан  өндөр барилгууд сүндэрлэхээс гадна хот нь цэвэрхэн бөгөөд төлөвлөлт сайтай харагдана. Хятадын баруун урд, Түвдийн өндөрлөгийн зүүн урд хэсэгт оршдог  мужид цаг агаар нэн тааламжтай гэнэ лээ. Газар нутгийнхаа хэмжээгээр улсдаа эхний тавд багтдаг. 21 хоттой, 183 сум, дүүрэгтэй, 91 сая хүн амтай. Хотууд нь мужид шууд харьяалагдана.

Энд Хятадын хүнд аж үйлдвэр буюу цэрэг, армийн техник хэрэгсэл, авто машины, мотоциклийн үйлдвэр бий.Эндээс монголчууд хятад мотоциклийг ихээр зөөжээ. Дээрээс нь хятадын  эрчим хүчний аварга том үйлдвэрлэгч дэлхийн усан цахилгаан станцын суурилуулагдсан хүчин чадлын 34 хувийг дангаараа хангадаг эрчим хүчний аварга том станц мөн л энд бий.
Уламжлалт газар тариалан, орчин үеийн аялал жуулчлал, дэлхийн хүнд аж үйлдвэрт нөлөөлөхүйц аж үйлдвэрийн паркууд, дэлхийн эрчим хүчний томоохон бүтцийг бий болгосноороо Хятадын хөгжилд Сичүань мужийн  үзүүлэх нөлөө онцгой жин дардаг байна. Албаны хүний өгүүлснээр Хятадын эдийн засгийн 12 хувийг дангаараа хангаж, улсдаа эдийн засгийн үзүүлэлтээрээ гуравдугаарт жагсдаг. Тус мужийн нэг эмиж нь хулсны панда.

 

Пандагийн тухай кино, үзэсгэлэн, баяр гээд маш олон event зохион байгуулж жуулчдыг татдаг​

Хулсны панда Сичуаны мужийн аялал жуулчлалын бренд
 

Хулсны пандаг дэлхийн байгаль хамгаалах байгууллагын логонд оруулах хэмжээнд томоохон маркетинг хийж, аялал жуулчлалыг бренд болгож хувиргасан амжилт тус мужийг ихээхэн тодотгодог гэх. Пандагийн тухай кино, үзэсгэлэн, панданы баяр гээд маш олон event зохион байгуулж чадсанаараа пандагаар мөнгө олж эхэлсэн байна. Гэхдээ хулсны баавгай тийм ч гойд сонин амьтан биш бөгөөд дэлхий дээр цөөхөн байдаг энэ амьтныг Хятадын төрийн тэргүүнүүд гадаадад айлчлахдаа шууд бэлэглэчихдэг нь ихээхэн сурталчилгаа, маркетинг болдог аж.
Мөн хятад үндэснтий хоолны соёл, халуун ногоог уламжлалт болон орчин үеийн аргаар хослуулан үйлдвэрлэдэг томоохон үйлдвэртэй.


Чин Гангшү​  тосгон жуулчдын ирэх дуртай газрын нэг болжээ

Чин Гангшү тосгоны менежер  бүсгүй Панг Вэй зочдод үйл ажиллагааг танилцуулж байгаа нь
 

Хятадын ард иргэдийн амьдралд эрс өөрчлөлт гарсан нэг дүр зургийг Чиндү хотын баруун урд  19 км-ийн зайтай байх Чин Гангшү тосгоноос харж болно.  2600 орчим хүн амтай тосгоны иргэдийн амьдрал өмнө нь тааруу, дэд бүтэц, үйлдвэр үйлчилгээ хөгжөөгүй хөгжил дорой байжээ.
Уламжлалт газар тариалан хөгжсөн энэ нутгийн ядууралтай иргэдийг дэмжих үндсэн зарчим нь эдийн засгийн тогтмол орлогыг бий болгох зорилт бөгөөд нэгдүгээрт төрийн өмчит компани, хоёрдугаарт  орон нутгийн захиргаа, гуравдугаарт тухайн тосгоны бүх иргэд хоршиж олон нийтийн компани байгуулж  хувьцаа эзэмшигч болжээ. Өрх бүр  200 юаунын гишүүнчлэлийн татвар олон нийтийн компанидаа төлж нэгдсэнээр тухайн компанидаа тогтмол бус орлоготойгоор ажиллах боломж нээгдэж, жилийн эцэст ногдол ашиг хүртдэг болсон байна.
2012 оноос шинэ тосгон хөдөлгөөн өрнүүлснээр нэг жилийн хугацаанд дэд бүтэц, дахин төлөвлөлтийг гүйцэтгэж 2015 оноос бүтээн байгуулалтын ажлыг эхэлсэн гэнэ. Харин энэ зардлыг Засгийн газар болон орон нутгийн компаниудын дэмжлэгээр гаргасан аж. Мөн тосгоноо хөгжүүлэхэд банкнаас 145 сая юанын зээл авсан бол Засгийн газраас 2.2 сая юанийн нөхөн олговрыг олгожээ.
Ингэснээр тосгоны иргэд оршин байгаа газартаа 167 сая юанын хөрөнгө оруулалт хийж  буцаагаад 197 сая юанын орлого олсон аж.  Хоршиж ажилласнаар тосгоны  иргэдийн амьдрал дээшилж иргэний тогтмол орлого нь жилдээ 2000 орчим юань байсан бол 3000 хүрч өсчээ. Мөн эргэлтийн  хөрөнгөнөөс олсон орлогоороо банкны зээлийг төлснөөс гадна нь дансандаа 25 сая орчим  юань буй гэж хөтөч бүсгүй менежер Панг Вэй өгүүлсэн.

 



Хүмүүс Чин Гангшү  тосгонд амарч зугаалж, өдрийн хоолоо идэхээр  19 км алслагдсан Чиндү хотоос ирдэг

2015 онд “СС” телевизээс Хятадын 10 шилдэг тосгоны нэгээр зарласан бөгөөд 2017 онд аялал жуулчлалын 4А зэрэглэлийн тосгон болж чаджээ. Сүүлийн гурван жил 520 мянган иргэнийг ядуурлаас ангижруулж дундаж амьжиргаатай давхаргад шилжүүлсэн бол  2019 онд 200 мянган иргэнийг ядуурлаас гаргах зорилт тавьжээ.
Энд Чиндү хотын иргэд өдрийн хоол идэхээр ирж,  байгалийн сайханд аялаж, амарч зугаалдаг. Орон нутгийнхаа өв соёл, байгалийн сайхныг түшиглэж  аялал жуулчлалын бүтээгдэхүүн буй болгожээ.
Тосгонд өөрчлөлт  авчирсан шалтгаан нь газрыг эдийн засгийн эргэлтэд оруулж, нарийн төлөвлөсөн бөгөөд  нийтийн эрх ашгийг хамгаалж, зах зээлийн зарчмыг баримталж ажилласан гэсэн.  Мөн тосгоны  иргэд өөр хоорондоо нэгдэж менежментийн компани байгуулснаар тэндээсээ  ашиг  хүртэж орлогын байнгын эх үүсвэрийг бий болгосноор ядуурлыг бууруулсан гэж үзэж байна. 

Хязгаар нутгийн иргэдийн амьжиргааг дэмжих замаар ядуурлыг бууруулж байна




Хятадын үндэсний цөөнх "И" үндэстнүүд амьдрах ухаанд суралцаж байгаа нь


Иргэдийнхээ ядуурлыг бууруулах өөр нэгэн ажил нь Хятадын Засгийн газрын хязгаар нутгийн иргэдийнхээ аж амьдралыг өөрчлөх, амьдралыг нь дээшлүүлэх бодлого. 1957 оноос БНХАУ-ын  Засгийн газрын харьяанд Үндэсний хэрэг эрхлэх Улсын хороо гэдгийг байгуулснаар үндэсний цөөнхийг дэмжих бодлого эхэлжээ.
Шичан хотын Аа ху тосгоны өндөр уулын орчимд аж төрдөг иргэдийг “И” үндэстнүүд гэдэг. Далайн түвшнээс дээш 2000-2700 орчим метр өргөгдсөн уулын таг дээр “И” үндэстнүүд мал мал маллаж, тариа тариалах зэргээр амьдардаг. Эдгээр иргэдэд шаардлагатай боловсрол олгох, амьдрах ухааны хичээлийг орон нутгаас зааж сургадаг. 


Тосгоны иргэд шинэ байшинтай болов


Олон жил өндөр ууланд амьдарсан иргэд тал газар бууж ажил эрхлэх тохиолдолд бие нь өвдөх, сэтгэл санаа нь тавгүйтэх байдал гардаг тул Засгийн газраас ядуурлыг бууруулах зорилтын хүрээнд тухайн орон нутагт тосгоны 73 өрхийн 296 ядуу иргэнийг орон сууцаар хангаж, орон нутгийн хамтрал, хоршоо байгуулах замаар ажлын байраар  хангажээ.
Өөрөөр хэлбэл тэд олон жил амьдарч байсан шавар байшингаа очин үеийн орон сууцаар сольсон хэрэг. Нэг өрхөд улсаас 70,000 юань гаргасан бол  тухайн иргэн 2000 юаныг гаргажээ. Мөн үндэсний цөөнхөөр дамжуулж тэдний соёл урлаг, зан заншил, үүх түүхийг харуулсан  аялал жуулчлалын үйлчилгээ, урлагийн тоглолт, үзмэрийн танхим байгуулж орлого олох боломжийг нээсэн аж. Мөн үндэсний цөөнхийн боловсрол, амьдрах нөхцөл, эрүл мэндийг сайжруулах замаар ядуурлаас гаргах бодлогыг хэрэгжүүлж буй.  
 
Монгол төгрөг ба юаний ханшны өнгөрсөн ба одоо


1952 онд Шинэ Хятад Улс байгуулагдсаны гурван жилийн ойд зориулсан хүлээн авалт Бээжинд болоход 480 орчим хүн иржээ.Үүний ихэнх нь Хятадууд байж.

Нийт зарцуулсан юанийг монгол мөнгөтэй харьцуулахад найм орчим төгрөг болжээ. Учир нь  Монголын нэг төгрөг хятадын  80 гаруй мянган юантай тэнцсэн нь энэ. Харин өнөөдөр нэг юанын ханш монголын 380 төгрөгтэй тэнцэж буй  бөгөөд монгол төгрөгийн ханш жил бүр суларч, буурч байгаа.
1947-1948 онд хятадад имфляци  хамгийн дээд хэмжээнд хүрч 680 тэрбум юаниар нэг цайны халбага будаа авч байсан тохиолдол гарч байжээ. Хятадад санхүү, холбоо, хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулья гэвэл 49 хувиас хэтэрч болохгүйг хуулиар зохицуулсан гэх. Санхүүгийн салбарын гадаадын байгууллагын хувь хэмжээг хуульд зоохицуулсан учраас валютын нөлөө харьцангуй бага байдаг гэх. Эдүгээ Хятад Улс юаны худалдан авах чадварыг доллар эсвэл евро мөнгөн тэмдэгтийн хэмжээнд хүргэхийн тулд юаны хатуу бодлого гэгчийг баталж экспорт, импортын тооцоог заавал юанаар хийдэг байна. Энэ нь юаны худалдан авах чадвар, ханшийн өсөлтийг тогтвортой байлгах  үндэс болдог аж.

Хөрш орноосоо бид юуг авах ёстой вэ?

Хятад орон 2022 он гэхэд ард иргэдээ ядуурлаас бүрэн ангижруулж бултаараа баян чинээлэг улс болон урагшаа нэг алхах томоохон зорилт тавьжээ. 1949 онд тусгаар тогтнолоо олж модон анжистай орноос эдүгээ шинжлэх ухаан хөгжсөн, цөмийн зэвсэгтэй дэлхийн бодлогыг тодорхойлох тэргүүлэх  гүрэн болон хөгжиж буйн нууц нь алсыг харсан тууштай урт хугацааны бодлого аж.
Хятад орны хөгжлийн хөшүүрэг нь хэдэн зүйлд  тулгуурладаг гэдгийг бидэнтэй хамт явсан хятад судлаач Х.Баатархүү онцолсон юм. Нэгдүгээрт улс төрийн тогтвортой байдал. Хятадын Коммунист нам аль эрт 1961 онд ядуурлыг бууруулах, чинээлэг амьдралыг цогцлоох үзэл санаа дэвшүүлж байсан нь эдүгээ  биелэлээ олж байна. Хоёрт хятад хүний хөдөлмөрч чанар юунд ч хүргэж болдгийг харуулна. Хятад хүний амьдралын чанар дээшлэхийн сацуу нийгмийн ухамсрын түвшин  ч сайжирдаг гэх.

Эх орны өмнөд этгээдэд хаяа хатган орших хөрш улсын  хүн зон, ард иргэд  хэрхэн аж төрж, улс орон нь ямархуу замаар урагшлан хөгжиж буйг багахан ч гэсэн тольдсон нь энэ. Саахалт айл нь хаашаа нүүж, хаана нутаглаж, хэчнээн мал адгуулж байгааг бид андахгүй мэддэг шигээ хөрш орон хаашаа зүглэж, ямархуу хөгжил дэвшилд хүрч буйг анзаарч, харьцуулан дүгнэж улс орноо залуурдах нь Монголын төр болоод монгол хүн бүрийн хувьд чухал хэрэг буй за.

Х.Эрдэнэбулган
 
 

Холбоотой мэдээ