В.Путины шууд нэвтрүүлэгт ОХУ-ын сайд нар, амбан захирагчид оролцов

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-06-09 02:45:02
Москва /МОНЦАМЭ/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 16 дахь удаагаа ард иргэдтэйгээ шууд нэвтрүүлгээр холбогдож, 80 орчим асуултад хариуллаа. Дөрвөн цаг гаран үргэлжилсэн энэхүү нэвтрүүлгийн асуултууд ОХУ-ын эдийн засаг, гадаад, дотоод бодлого, нийгэм, эрүүл мэнд, байгаль орчин, зэвсэгт хүчин, спорт, одон орон судлал зэрэг өргөн хүрээг хамарсан байлаа.
 
Ерөнхийлөгч В.Путинээс асуух иргэдийн асуултыг 5 дугаар сарын 27-ны өдрөөс авч эхэлсэн бөгөөд 10 гаруй хоногийн дотор нийт 2.6 сая асуулт цугларсан байна.     
Энэ удаагийн шууд нэвтрүүлэгт зөвхөн ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин төдийгүй ОХУ-ын яамдын сайд, дэд сайд нар, Москва хотын болон ОХУ-ын зарим мужийн амбан захирагчид холбогдож иргэдийн асуултад хариулснаараа онцлог боллоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч шууд нэвтрүүлгийн эхэнд өнгөрөгч оны үр өгөөжийг дүгнээд ОХУ-ын хөгжил зөв замаар урагшилж буйг тэмдэглэв. Түүнчлэн ОХУ-ын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд сэтгэл хангалуун буйгаа илэрхийлээд, инфляцийн бууралт, иргэдийн тогтмол орлого, дундаж наслалтын өсөлтийг сайшаасан юм.
 ОХУ-ын Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг хяналтадаа авсан  
 ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин шатахууны үнийн өсөлтийг бууруу бодлого зохицуулалтын дүнд гарсан байж боломгүй өсөлт гэдгийг хүлээн зөвшөөрөв. Тэрбээр Засгийн газар шатахууны үнийн өсөлтийг хяналтадаа авч, үнийг тогтворжуулахаар компаниудтай тохиролцсон хэмээв. Харин Эрчим хүчний сайд А.Новак шатахууны үнийн өсөлт зогссон, хомсдол үүсээгүй болохыг илтгэв.
 
Зээлийн хүүг бууруулж, татварын системээ боловсронгүй болгоно  
Ипотекийн зээлийн хамрах хүрээ нэмэгдсээр байгааг Ерөнхийлөгч В.Путин тэмдэглэв. Тэрбээр зээлийн хүүг 7 хувь болгон бууруулахыг онцлоод, олон хүүхэдтэй гэр бүлд зээл хөнгөлөлт үзүүлэх боломжийг эрэлхийлэхийг албаны хүмүүст үүрэгдэв.
Түүнчлэн хувь хүний орлогын татварыг ялгаатай шатлалаар тогтоосон нь өндөр орлогоо нуун дарагдуулахаас сэргийлэх хамгийн шударга бодлого хэмээн  үзэж байна. Энэ системийг амьдралд  хэрэгжүүлэхэд орлогоо нуух, бэлнээр авах зэрэг асуудал гардаг ч татварын системээ боловсронгуй болгож түүгээр ядуурлыг хоёр дахин бууруулахыг зориж буйгаа онцлов.
 
Сирээс цэргээ татах бодолгүй байна 
ОХУ-д ашиггүй болох хүртэл ОХУ-ын цэргээ Сирээс татахгүй хэмээн Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэв. Түүний үзэж буйгаар Сири дэх ажиллагаа Оросын зэвсэгт хүчний хувьд шинэ зэвсгээ турших боломж болж буйг онцлов. Гэвч Сирийг зэвсэг турших полигон биш болохыг тэрбээр тэмдэглэсэн юм.  
ОХУ болон Барууны харилцаа аажмаар сайжирч байгааг тэрбээр онцлоод, ОХУ ямар ч тохиолдолд өөрийн ашиг сонирхлоо хамгаалах ёстойг онцлов. Тэрбээр Украинчууд болон Оросуудыг нэг ард түмэн гэж боддог аж. Украины эрх баригчид Донбасс дахь мөргөлдөөнийг зохицуулах чадваргүй хэмээн дүгнэв.
 
Криптовалют тооцооны хэрэгсэл биш
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон тус улсын Төв банк криптовалютыг төлбөр тооцоо хийх хэрэгсэл болох боломжгүйг онцлоод криптовалютын асуудалд нягт нямбай хандахыг хүсэв.
 
Ил задгай хаясан их хэмжээний хог байгаль орчны тулгамдсан асуудал болсон   
В.Путин хог хаягдал боловсруулах 200 орчим үйлдвэр нэмж барих зайлшгүй шаардлагатайг онцлов. Мөн орон нутгийн засаг захиргааг хог хаягдлын байгууламжийн схем гаргаж, тус бүрт хяналтын төв нээн ажилуулахыг үүрэг болгов.  
Тэрбээр улс төрд олон жил хүчин зүтгэхдээ огтхон ч ядраагүйгээ онцлоод, өөрийг нь залгамжлах хүнийг бэлтгэх бус ард иргэд нь сонгох учиртайг шууд нэвтрүүлгийн үеэр онцлон тэмдэглэв. Түүнчлэн улс төрийн талбарт түүний үзэл санааг дэмждэг сайн багтай учир хэзээ ч ганцаарддаггүй, үр хүүхдүүддээ хэзээ ч худал ярьж болохгүй хэмээн захидаг ажээ.
 Нэвтрүүлгийн төгсгөлд Ерөнхийлөгч В.Путин ОХУ-ын нийт ард иргэдэд талархал илэрхийлээд, түүний хариулж чадаагүй олон асуулт үлдсэн ч тэд бүгд холбогдох газарт хүргэгдэж ажил хэрэг болно гэдгийг амлав.
 
Л.Нандиа
 
 
 
 
 

Холбоотой мэдээ