Н.Баяртсайхан: Зээлийн хүү 2023 он гэхэд 7 хувиар буурах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-12 12:54:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын явц байдлын талаарх Монголбанкны Ерөнхийлөгчийн мэдээллийг сонслоо.

Зээлийн хүүг захиргаадалтын аргаар бус эдийн засаг, санхүү, хууль, эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх замаар бууруулах нь зөв хэмээн Монголбанк үзэж байгаа аж. Захиргаадалтын аргаар бууруулах нь зах зээлийн эдийн засагт гажуудал үүсгэж, санхүүгийн хүндрэлд хөтлөх эрсдэлтэй юм. Тиймээс энэ удаагийн стартегийг зах зээлийн зарчмын хүрээнд боловсруулсан гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан мэдээллийнхээ эхэнд онцлов.

Тэрбээр, “Энэхүү стратеги нь бизнес эрхлэх, санхүүгийн таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийн тогтвортой хөгжлийг бий болгох алсын зорилготой. Энэ хүрээнд инфляцийг тогтвортой бага түвшинд байлгах, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, төсвийн сахилга батыг хангах, эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг 11 зорилт дэвшүүлж байгаа. Ингэснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн хүү одоогийн түвшнээс 7 хувиар буурах боломжтой” хэмээв.

Танилцуулгын дараа гишүүдийн зүгээс арилжааны банкуудын зээлийн хүүгийн хэмжээг тодруулав. Арилжааны банкуудаас олгож буй бүх зээлийн жигнэсэн дундаж хүү 2016 онд 20.6 байсан бол энэ онд 19.3 хувьд хүрсэн гэдгийг Монголбанкны удирдлагууд хэллээ.

Мөн үеэр Я.Содбаатар гишүүн, “Зээлийн хүүг бууруулах ажил иргэдийн дунд хүлээлт үүсгэсэн. Монгол Улсын зээлийн хүү олон улсын дунджаас 5 хувиар өндөр байгаа. Тиймээс зээлийн хүүг бууруулахдаа зах зээлийн болон захиргааны аргыг хослуулах ёстой. Бусад орнууд зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоосон, түүнийг зохицуулсан хууль, эрхзүйн орчинтой байдаг. Нөгөөтэйгүүр зээлийн хүүг бууруулах ажлыг ойрын хугацаанд батлах хэрэгтэй. Удвал улс төрчид тоглолт хийж, зээлийн хүүг бууруулах нэрийдлээр олон хуулийн төсөл өргөн мэдүүлнэ” гэлээ.

Макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх нь зээлийн хүүг бууруулах үндсэн нөхцөл хэмээн Монголбанкны Ерөнхийлөгч хэллээ. Тэрбээр, “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлд тодорхой хэмжээний захиргааны арга хэрэглэх нь зайлшгүй юм. Тухайлбал, Сүүлийн саруудад цалин, тэтгэврийн зэрэг хэрэглээний шинжтэй зээл өсч байгаа. Тиймээс тэтгэврийн зээл олгохдоо тухайн иргэний нийт тэтгэврийн 70 хувиас хэтрэхгүй хэмжээнд зээл  олгоно зэрэг заалт оруулах юм”  гэв.

Хадгаламжийн хүүг бууруулаагүй тохиолдолд зээлийн хүүг бууруулах боломжгүй гэдгийг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва дурьдлаа. Хадгаламжийн хүүг бууруулах нь стратегийг хэрэгжүүлэх хамгийн чухал асуудал бөгөөд энэ чиглэлээр стратегийн төсөлд тодорхой зохицуулалт тусгасан байна. Мөн уг зохицуулалтыг хэрэгжүүлэхэд Засгийн газраас дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч  онцолсон юм.
 
Ийнхүү байнгын хорооны хуралдаанаар Банкийг дахин хөрөнгөжүүлэх тухай хуулийн төслийг хаалттай горимоор хэлэлцэж эхэллээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ