“Лалын улс”-ын нефть Түрк рүү саадгүй нэвтэрч байгаа дүрс бичлэгийг үзүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 16:43:17

Орос улсын БХЯ –аас гадаадын  болон дотоодын сурвалжлагчдад хэвлэлийн бага зохион явууллаа. Гол сэдэв Түркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган, түүний гэр бүл “Лалын улс”-тай нефтийн бизнесээр холбогдсон тухай байв. Хэвлэлийн бага хурал дээр Москва хотноо ажилладаг гадаад орнуудын ЭСЯ –ны дэргэдэх цэргийн атташе нар уригдан оролцлоо.

Арга хэмжээний үеэр Оросын Зэвсэгт хүчний Жанжин штабаас лалын бүлэглэлийнхний  хяналтанд байдаг Сирийн нутаг дэвсгэрээс Түрк рүү нефтийн бүтээгдэхүүн тэвэрлэж буй  сансараас авсан дүрс бичлэгүүд болон  бусад гэрэл зургуудыг  толилууллаа.

“Эдгээр дүрс бичлэгт автофургонууд хилийн зурвасыг ямарч саадгүй давж буйг харуулж байна.  Сирийн талаас хиллэдэг  “Жебхад ан-Нурса” бүлэглэлийн  хяналтанд байдаг эл газраас  чухамдаа нефтийн бүтээгдэхүүн  ачсан  автоцистерн, ачааны том фурүүдийг Түркийн хилээр чөлөөтэй оруулдаг” гэж ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Сергей Рудской дүрс бичлэгийг  тайлбарлаж хэлсэн  юм.

ОХУ–ын Батлан хамгаалах яамны уламжилж буйгаар, алан хядагчид өдөр бүр 200 мянган  баррель нефть Түрк рүү тээвэрлэдэг ажээ.

“Зарим бензин тээгч автомашинуудыг  ачааны фур  мэтээр зүсийг нь өөрчилж явуулдаг тухай баримт мэдээ бидэнд бий. Байлдааны ажиллагаа явагдаж байгаагийн зэрэгцээ Сирээс Түрк рүү нефтийн бүтээгдэхүүнтэй автоцистернүүд тасралтгүй цувж байна. Энэ төрлийн тээврийн хэрэгслүүдийг хил дээр шалгадаггүй “гэж Сергей  Рудской мэдэгдсэн юм.

Оросын Цэрэг-сансрын хүчнийхний “Лалын улсын” эдгээр байрлал руу агаараас хийсэн цохилтын дүнд  террористууд  эдийн засгийн мэдэгдэхүйц гарз амссан  болохыг  тус улсын БХЯ уламжилж байсан билээ.

Хэдхэн сарын дотор игилүүдийн нефтийн борлуулалтаас олдог жилийн ашиг хоёр дахин буурч, одоо 2 тэрбум ам.доллар хүрээд байна. Эдгээр нь Орос улсын Цэрэг-сансрын хүчнийхний Сирийн террорист бүлгэмүүдийг бут цохиход чиглэгдсэн цэргийн ажиллагааны  үр дүн юм гэж БХЯ-аас  уламжлав.  Өмнө нь террористууд   дөрвөн жилийн турш 1 хоногт  3 сая доллар олж байсан бол одооноос тэдний  ашиг  1,5 сая доллар болоод байна.

Орос улсын БХЯ –ны дэд тэргүүн  Анатолий Антонов хэвлэлийн бага хурал дээр Түркийн ерөнхийлөгч Тайип Эрдоганыг “Лалын улсын” террористуудтай холбоотой  тухай мэдэгдсэн тухай дээр дурдсан билээ. Тэр хэлсэн үгэндээ Түркийн төрийн тэргүүн,  түүний гэр бүлийнхэн  террористуудтай бизнесийн холбоотой  тухай  уламжилсан. Тэрээр, хууль ёсны эзэд нь Сири, Ирак болох тэрхүү  хулгайлагдсан нефтийн гол хэрэглэгч бол Түрк улс юм. Бидэнд байгаа  баримтаар  бизнесийн гэмт хэрэгт Түркийн улс төрийн дээд удирдлага , ерөнхийлөгч Тайип Эрдоган, түүний гэр бүл холбоотой юм. Террористуудтай ийм тоглоом явуулах аюултай болохыг бид нэг  бус удаа ярьж байсан хэмээн Анатолий Антонов цохон тэмдэглэлээ.

“Тэд юу хийж байгааг та бүхэн хардаа, өөр  бусдын улс орон руу нэвтэрч, дээрэм явуулж байна. Магадгүй, би дэндүү шулуухан ярьж  байж ч  болох юм. Гэхдээ л ерөнхийлөгч, түүний төрөл төрөгсдийн оролцоогүй ийм ажлыг хийх ямар ч боломжгүй билээ. Эрдоганы хүү террористуудтай хамтардаг гэдэгт хэнд ч эргэлзээгүй шүү. Эрдоган хариуцлагаас мултарч чадахгуй , тэр өөрийн  хулгайлсан нефтээр нүүрээ будсан ч , энэ нь   түүнийг аврахгуй” гэж Анатолий Иванович тэмдэглэв.

Сонирхуулахад, хэд хоногийн өмнө Түркийн ерөнхийлөгч Тайип Эрдоган хэрвээ түүнийг “Лалын бүлэглэлтэй “ холбоотой болохыг  нотолж чадваас тэр огцорно гэж мэдэгдэж байсан билээ.

Орос улсын БХЯ –аас дараа дараагийн  хэвлэлийн бага хурлаар Сирийн “Лалын улс”  бүлэглэлийхний хяналтанд байдаг нутаг дэвсгэрээс Түрк рүү нийлүүлдэг нефтийн сувагтай холбоотой баримт сэлтүүдийг дэлгэн  харуулна гэж мэдэгдэв.

Одоо дэлхийн  улс онуудын тэргүүн нар Сири- Түркийн хилийг хаахаар зорьж буй юм. Өчигдөр орой Орос –улсын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын орнуудын тэргүүн, Серб улсын тэргүүн шадар сайд , ГХ –ийн сайд Ивица Дачичтэй явуулсан яриа хэлэлцээрийн дараа сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ, Орос улсад хориглосон “Лалын улс” бүлэглэлийн нефть хаашаа явж буй нь гол биш, харин Түрк-Сирийн  хилийг хаах нь чухал гэж онцолжээ.  Сергей Лавровын үзэж буйгаар, “Байдлыг бүгдэд ойлгомжтой, нийтлэг болгохын тулд ганц Түркийн хүчин чармайлт хангалттай бус, түүнд тусламж хэрэгтэй гэж мэдэгджээ.

Москва хот. А.Огторгуймаа

 

Холбоотой мэдээ