Г.Самдан аваргын нэрэмжит барилдаанаас шинэ аймгийн арслан цолтон төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат “босоо” хэмээх Г.Самдан аваргын нэрэмжит Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаанаас Дэлгэрхаан сумын харьяат Аварга биеийн тамирын дээд сургуулийн бөх аймгийн харцага Д.Аззаяа түрүүлж аймгийн арслан цол хүртлээ.
Энэ жилийн барилдаанд Хэнтий аймгийн 16 сумын 46 бөх хоёр хэсэгт хуваагдан тойргоор барилдаж аваргуудаа шалгаруулжээ. Тэмцээний хоёрдугаар байрт Биндэр сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин биеийн тамир спорт хорооны бөх, аймгийн арслан Г.Ганцоож шалгарав. Удаах байрт Батширээт сумын харьяат, Хил хамгаалах ерөнхий газрын Хилчин биеийн тамир спорт хорооны бөх сумын заан Г.Бадрах шалгарч аймгийн заан цол, 4,5-р байрт Баян-Адрага сумын харьяат, Шонхор биеийн тамирын дээд сургууль, “Морьт Хэнтий” ХХК-ийн бөх сумын заан О.Эрдэнэбат, Батноров сумын харьяат, “Норовын хүчтэн” дэвжээний бөх, аймгийн начин Ц.Тайванхүү нар тус тус шалгарч аймгийн харцага цол хүртлээ.
Шагналыг Хэнтий аймгийн Үндэсний бөхийн холбооны тэргүүн, аймгийн ИТХ-ын дарга С.Пүрэвжав, нарийн бичгийн дарга К.Баяраа, тэргүүлэгч гишүүд болох Хэнтий аймаг дахь ШШГА-ны дарга, хошууч Б.Нандинболор, Хэнтий аймгийн тахарын хэсгийн дарга, тахар Д.Хатанбаатар, “Морьт Хэнтий” ХХК-ийн захирал Ш.Товчинбаатар тэргүүтэй хүмүүс гардуулан өгч баяр хүргэв.
Г.Самдан аваргын нэрэмжит Үндэсний бөхийн аймгийн аварга шалгаруулах барилдаан нь амжилттай сайн барилдаж шөвгөрсөн бөхчүүддээ цол чимэг олгодгоороо онцлогтой бөгөөд тэрхүү цол нь Хэнтий аймаг дотроо хүчинтэйд тооцогддог аж.
О.Буянхишиг