Монголын сонгодог урлагийнхан Сөүлд Гала тоглолт хийнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
gantuya@montsame.mn
2015-12-04 10:13:55

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас энэ сарын 6-нд Сөүл хотноо “Монголиан гала концерт”-ыг  УДБЭТ-тай хамтран зохион байгуулах гэж байна.

Монгол Улс, БНСУ-тай 1990 оны 3 дугаар сарын 26-ны өдөр дипломат харилцаа тогтоосон хэдий ч хоёр улс нь түүх, соёлын өнө эртний уламжлалтай билээ. 995 онд Кидан гүрэн Гуулин Улстай соёлын харилцаа тогтоож, Гуулин Улсаас 10 хүүхдийг түүх, хэл сургахаар Монгол нутагт илгээж байсан тухай Солонгосын эх сурвалж бичигт гардаг. Ийнхүү 1000 гаруй жилийн тэртээгээс улбаатай Монгол, Солонгосын харилцаа эдүгээ “иж бүрэн түншлэл”-ийн түвшинд нийгмийн амьдралын бүхий л салбарыг хамран эрчимтэй гүнзгийрэн хөгжиж байгаа юм.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас эдийн засаг, соёлын олон арга хэмжээг жилийн турш зохион байгуулсан. Харин ойн хаалтын арга хэмжээ болгон дээрх “Монголиан гала концерт”-ыг зохион байгуулж байгаа ажээ.

Уг тоглолтод дэлхийн сонгодог урлагийн ноён оргил болсон В.А.Моцарт, Ж.Верди, Ж.Пуччини зэрэг хөгжмийн зохиолчийн сор бүтээлүүдийн дээжээс УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ, BBC агентлагийн “Кардиффын дуу хоолой” тэмцээний "Үзэгчдийн нэрэмжит", П.И.Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны дэд байрын шагналт МУГЖ Э.Амартүвшин, М.И.Глинкийн нэрэмжит XXIII олон улсын уралдааны тэргүүн байрын шагналт, МУГЖ С.Мөнгөнцэцэг зэрэг тив дэлхийд данстай уран бүтээлчид тоглож сонирхуулахаас гадна, УДБЭТ-ын Симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, сонгодог урлагийн гайхамшгийг мэдрүүлсэн бүрэн хэмжээний тоглолтыг Сөүл хотын "Universal Arts Center"-ийн тайзнаа хоёр орны соёлын гүүр болгон анх удаа эгшиглүүлнэ.

Арга хэмжээг дэмжигч, ивээн тэтгэгч байгууллагуудаар ГХЯ, БСШУЯ, МИАТ, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Хьюндэй Моторс групп, POSCO, Korean Air зэрэг монгол, солонгосын төр, хувийн хэвшлийн томоохон байгууллагууд хамтран ажиллаж байгаа юм байна.  

Н.Туяа

Холбоотой мэдээ