“Монгол Хурандаа” нийгэмлэгийн салбар байгуулагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-06-19 19:37:41
Увс /МОНЦАМЭ/. “Монгол Хурандаа” нийгэмлэгийн тэргүүн, хурандаа Ж.Баатараар ахлуулсан хурандаа нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг өнөөдөр Увс аймагт хүрэлцэн ирлээ. Тэд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Онцгой байдлын газар, Тагнуулын газар, Хилийн 0245-р анги, ШШГА, Шүүхийн шинжилгээний алба зэрэг байгууллагуудын албан хаагчдыг хамруулан цэрэг, эх орны сэдвээр лекц уншлаа.
Өвөг дээдсийнхээ халуун амь, бүлээн цусаараа тамгалсан эрх чөлөө, тусгаар тогтнол, эх орон, газар нутгаа хайрлан хамгаалж, ямар их үнээр олдсоныг хойч үедээ ухааруулан ойлгуулж байх нь энэ цаг үед амьдарч буй иргэн бүрийн үүрэг гэдгийг лекцийнхээ үеэр хурандаа Ж.Баатар гуай онцолж байв. Энэ үеэр “Монгол Хурандаа” нийгэмлэгийн салбар зөвлөлийг Увс аймагт байгуулж, даргаар нь аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын даргаар ажиллаж байсан, хурандаа Ц.Баатар-Эрдэнийг томилж батламж, тугийг гардуулан өгсөн юм.
Тус нийгэмлэгээс “Монгол Хурандаа” нэртэй 4 боть номыг хэвлүүлэн уншигчдын хүртээл болгоод байгаа бөгөөд тун удахгүй 5-р боть хэвлэгдэх аж. Эх орон, тусгаар тогтнолын үнэ цэнийг хүүхэд багачуудад сайтар ойлгуулж эх оронч үзлийг төлөвшүүлэх нь нийгэмлэгийн зорилго гэдгийг тус лекцэндээ онцолсон юм. Хурандаа нар Монгол Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлээд Завхан аймгийн зүг хөдөллөө.
Б.Батхүү
Холбоотой мэдээ