Хоршоодын ажлыг үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-06-19 19:41:21
 Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын захирамжаар 6 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан Хоршоог үнэлэх ажлын хэсэг нь Татварын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэстэй хамтран ажиллаж хоршоодын албан ёсны бүртгэлийг гаргасан байна. Тэд аймгийн 19 сумдын Засаг дарга нарт албан тоот хүргүүлэн, мэргэжилтнүүдийг бичиг хэргийн материалаар ханган аргазүйн зөвлөмж өгч ажилласны үр дүнд улсын бүртгэлд бүртгэлтэй 201 хоршоонд үнэлгээ хийжээ.
Хоршоодод хийсэн үнэлгээнээс үзэхэд тогтвортой өсөлттэй хоршоо 17 буюу нийт хоршоодын 8,6 хувь, хөгжиж байгаа хоршоо 72 буюу нийт хоршоодын 35,9 хувийг эзэлж байна. Тэрчлэн, идэвхжиж байгаа хоршоо 52 буюу нийт хоршоодын 26,2 хувь, идэвхгүй хоршоо 35 буюу нийт хоршоодын 17,7 хувь, татан буугдсан хоршоо 16 буюу нийт хоршоодын 7,1 хувь, хаяг тодорхой бус хоршоо 9 буюу нийт хоршоодын 4,5 хувийг тус тус эзэлж байгаа аж. Аймгийн хэмжээнд газар тариалан, мал аж ахуй, фермерийн чиглэлээр 73 хоршоо үйл ажиллагаа явуулж байгаа нь нийт хоршоодын 36,3 хувийг эзэлж байна.
Тэрчлэн, тээврийн чиглэлээр 3 хоршоо, ан агнуурын чиглэлээр 1 хоршоо, аялал жуулчлалын чиглэлээр 1 хоршоо, хөнгөн үйлдвэр, оёдол эсгий үйлдвэрлэл, модон эдлэлийн чиглэлээр 31 хоршоо, мал эмнэлгийн чиглэлээр 16 хоршоо, түүхий эдийн худалдаа, үйлчилгээ өргөн хэрэглээний барааны худалдааны чиглэлээр 43 хоршоо, зочид буудлын үйлчилгээ, хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр 5 хоршоо, хадгаламж зээлийн хоршоо 3 байгаа аж.
Б.Батхүү
Холбоотой мэдээ