МБСҮТ өөрийн орлогоос санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-19 20:52:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй холбогдуулан УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Засгийн газарт чиглэл өгөх тогтоол гаргалаа.                                                                                    

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Саранчимэг ажилласан. Ажлын хэсэг төлөвлөгөө гарган хууль тогтоомжийн хэрэгжилтийн биелэлттэй танилцах хүрээнд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Мэргэжлийн боловсролын бодлогын хэрэгжилтийн газар, Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн болон зарим мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хуулийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцон, уулзалт хийсэн байна. Ингээд гаргасан санал, дүгнэлтдээ үндэслэн Засгийн газарт чиглэл өгөх тухай Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны тогтоолын төслийг боловсруулсныг өнөөдрийн хуралдаанаар батлав. 

Уг тогтоолоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 216 дугаар тогтоолын 2 дахь заалтад туссан Мэргэжлийн боловсрол, сургалтын үнэлгээний төвийн өөрийн үйл ажиллагааны орлогоос санхүүжих эрх зүйн орчныг бүрдүүлэх талаар санал боловсруулах, хууль эрх зүйн орчинг бий болгох, мэргэжлийн боловсрол, сургалтын олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хэрэгжилтийг хангах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт чиглэл болгожээ.

Мөн мэргэжлийн боловсрол, сургалтын багш бэлтгэх, давтан сургах төвийг бий болгож ажиллуулах, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын мэргэжлийн өөрийн өртөгт суурилсан нэг сурагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг болон дотуур байрны хүүхдийн хоолны зардлыг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхийг Засгийн газарт өгсөн чиглэлд тусгасан байна.
Н.Туяа
Холбоотой мэдээ