Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдав

Монголын мэдээ | Улс төр
gantuya@montsame.mn
2018-06-21 09:48:55
Улаанбаатар /МОНЦАМЭ/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор өчигдөр Батлан хамгаалах салбарын хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийжээ. 

Тодруулбал Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төсөл, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн баригдсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Н.Номтойбаяраар ахлуулан таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж ажиллуулсан. Ажлын хэсгээс Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 28, дагалдах төслийн талаар нэг, Дайчилгааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар 20, хамт өргөн баригдсан бусад төслүүдийн талаар 2 саналын томъёолол бэлтгэсэн байна. 
Хууль ердийн журмаар хэрэгжих бөгөөд улсын төсөвт ачаалал дарамт учруулахаар хүндрэлтэй асуудал байхгүй. Гэхдээ батлан хамгаалах салбарын төсөв хөрөнгө тун хангалтгүй байгааг гишүүд ойлгож байгаа байх. Одоогоор энэ салбарт тайван цагийн орон тооны хангалт 60-70 хувьтай байгаа гэдгийг Н.Энхболд гишүүн танилцуулав. 

Салбарын хоёр хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг байнгын хороо хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудын хамт чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтжээ. 

Мөн хуралдаанаар Байнгын хорооны хуралдаанаар “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийн төсөл, “Төвийн бүсийн цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний үр ашгийг дээшлүүлэх төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Монгол Улсын Сангийн яам, ХБНГУ-ын Франкфурт хот дахь Сэргээн босголтын зээлийн банк хоорондын Зээлийн болон төслийн гэрээний төслийг зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт зөвшөөрөхөөр дэмжлээ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ