Аймгийн тусгай хамгаалалттай газрын шийдвэрийг хуулийн дагуу болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-12-05 10:26:51

Аймгийн ИТХ- ын ээлжит 13 дугаар хуралдаанаар Дундговь аймгийн байгалийн үзэсгэлэнт болон түүх дурсгалын 13 газрыг аймгийн тусгай хамгаалалтад авав.Гэхдээ эдгээр нь 1997- 2009 онд аймгийн тусгай хамгаалалтад авсан газрууд юм.

УИХ- ын Өргөдлийн байнгын хороо 2014 оны 12 дугаар сард хуралдахдаа орон нутгийн тусгай хэрэгцээнд газрыг авсан тухай шийдвэрүүд зөрчилтэй гэж үзээд зөрчлийг арилгах талаар Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоол гаргасан байна, Улсын хэмжээнд орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан шийдвэрүүд нь зөрчилтэй 1700 гаруй газар байгаа бөгөөд эдгээр нь тусгай хэрэгцээнд авсан зорилго тодорхойгүй, шийдвэр гаргах эрхгүй буюу хурлын бүрэн эрхийн асуудлыг Тэргүүлэгчдийн хурлаар баталсан, тусгай хамгаалалтад авах хугацаа заагаагүй зэрэг зөрчилтэй байжээ.

Дээрхи тогтоолын дагуу орон нутгийн тусгай хамгаалалттай газруудын хууль зөрчсөн шийдвэрүүдийг залруулах талаар энэ оны эхэнд аймгийн ИТХ, Засаг даргын нэр дээр албан тоот ирсэн юм байна. Өдий хүртэл аймгийн ИТХ хуралдаагүй тул эл асуудал хойш тавигдсаар  бараг жил шахам болохын даваан дээр аймгийн тусгай хамгаалалттай газруудаа ийнхүү хууль ёсны шийдвэртэй болгосон нь энэ юм.

ИТХ- ын 13 дугаар хуралдаанаас гаргасан тогтоолд аймгийн тусгай хамгаалалтад авсан газрын байршил, ангилал, газрын хэмжээ, хамгаалалтад авсан зорилго, хугацааг тодорхой зааж, эдгээр газар байгаль хамгаалагч томилон хамгаалалтын горим мөрдөж ажиллахыг сумын Засаг дарга нарт үүрэг болгосон байна.

Урьд нь эдгээр  газрыг тусгай хамгаалалтад авсан тухай 1997- 2009 оны ИТХ- ын тэргүүлэгчдийн  тогтоолуудыг хүчингүй болгов.

Дундговь Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ