БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах үүрэг өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-06-28 14:23:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сургуулийн гадаад дотоод орчны аюулгүй байдал, засвар үйлчилгээ, хичээлийн жилийн бэлтгэл хангах, сахилга хариуцлагыг сайжруулах болон цаг үеийн асуудлаар өнөөдөр БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа нийслэлийн ЕБС-ийн захирлуудтай Багшийн хөгжлийн ордонд уулзалт хийлээ.

Энэ үеэр тэрбээр, “Нийслэлийн хэмжээнд сүүлийн үед сургуулийн орчинд хүүхэд эндсэн тохиолдол ойр ойрхон гарах болсон нь сургуулиудын орчин аюулгүй байж чадаж байна уу, сургуулийн захирлууд хүүхдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэх асуултын хариулт болж байна.  Энэ нь ЕБС-ийн захирлууд болон Нийслэлийн Боловсролын газрын ажлын бодит байдлыг нийгэмд харуулж буй нэгэн жишээ юм. Хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангаж ажиллах чиглэлийг БСШУСЯ-наас хичээлийн жил дуусахаас өмнө 2 удаа аймаг, нийслэлийн Боловсролын газруудад хүргүүлсэн. Гэтэл сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх талаар яамнаас хүргүүлсэн чиглэл төдийлөн ажил хэрэг болж чадахгүй, Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсээс тавих хяналт сулаас эмгэнэлт хэргүүд гарч байна” гэв.



Мөн тэрбээр зуны амралт эхэлж байгаа энэ үед сургуулийн орчинд хүүхэд аливаа болзошгүй эрсдэлд өртөх, хохирогч болохоос урьдчилан сэргийлэхтэй холбогдуулан
  • Сургуулийн эзэмшлийн биеийн тамирын талбай, байгууламжид суурилуулсан тоног төхөөрөмж, багаж, техник хэрэгсэл, тоглоом, сүүдрэвч, гэрэлтүүлгийн шон, хашаа, хайс, цахилгааны утасны аюулгүй байдал, тэдгээрийн эвдрэл, гэмтлийг хянах үзлэгийг сургуулийн захирал удирдаж ирэх сарын 1-ний дотор зохион байгуулах, эрсдлийн зэрэг тогтоох, илэрсэн зөрчлийг арилгаж гүйцэтгэлд хяналт тавих.
  • Сургуулийн эргэн тойронд болон ойролцоо хийгдэж буй засвар үйлчилгээтэй холбогдуулан ухаж бэлтгэсэн нүх, тогтоол усанд хүүхэд унаж бэртэхээс сэргийлж хамгаалах бүс, анхааруулга тэмдэг тэмдэглэгээ тавих, энэ талаар эцэг эх, асран хамгаалагч болон оршин суугчдад мэдээлэл хүргэх.
  • Сургуулийн жижүүр зуны амралтын хугацаанд сургуулийн эд хөрөнгөд эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд нэн яаралтай засвар, үйлчилгээ хийлгэх ажлыг сургуулийн захирал, холбогдох албан тушаалтанд мэдэгдэж, тэмдэглэл хөтлөх.
  • Сургуулийн орчинд хүүхэд тоглож байгаа тохиолдолд гадаа хяналт тавих. Камерт хянах боломжгүй талбай, ногоон байгууламжийг 2 цаг тутамд эргэх.
  • Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, олон улсын байгууллагын тусламжийн хөрөнгөөр хийгдэж буй сургууль, дотуур байр, спорт заалны барилга угсралт, их засвар, тохижилтын ажлын явцыг сургуулийн удирдлага хянаж, хичээлийн жил эхлэхээс өмнө ажлыг бүрэн дуусгах үүрэг даалгаврыг өгсөн юм.

Түүнчлэн салбарын сайд “Бид өнөөдөр нэг асуудлыг болоод өнгөрснийх нь хойноос ярьж байгаа нь буруу боловч дөрөвдүгээр сарын  22-нд тушаал гарсан байсан. Энэ нь хичээл тарах, засвар үйлчилгээний ажил, анги дэвших шалгалт эхэлж буйтай холбоотой аюулгүй байдлыг сахиулах, аялал зугаалга хийхгүй байх, хүүхдүүдээс мөнгө татаж засвар үйлчилгээ хийхгүй байх чиглэлээр маш тодорхой үүрэг даалгавар өгүүлсэн боловч хэрэгжилтийн явц муу байсан учраас ийм сургамжийг авч байна.

Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн бүх сургуулийн  260 гаруй захиралтай нөхцөл байдлын талаар нээлттэй ярилцья, нэг захирлыг ажлаас нь халаад асуудал дуусахгүй, цаашдаа нэг хүүхдийг нэмж хохироохгүй байхын төлөө ажиллах ёстой. Тиймээс бид нэлээн нарийн зөвлөгөөг өгч цаашид хариуцлагатай анхааралтай ажиллах чиглэлийг тодорхойлж өглөө. Мөн бүх захирлууд сая болсон үйл явцаас сургамж аваад өдөр тутам ажил дээрээ хариуцлагатай байх хүнлэг зөв хандлагыг бий болгох шаардлагатай байна гэдгээ ч давхар уламжилсан юм.
Э.Энхсаруул
 
Гэрэл зургийг Н.Батбаяр
Холбоотой мэдээ