Цөмийн зэвсгээс ангижруулах стратегийн талаар санал бодлоо солилцжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2018-06-29 11:05:09
СӨҮЛ. /Ёнхап/. Өмнөд Солонгосын гадаад хэргийн сайд Кан Кюн Ва болон АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах, энэ бүс нутагт энхийг тогтоох асуудлаар зөвшилцөн баасан гарагт утсаар ярьсан тухай Өмнөд Солонгосын гадаад хэргийн яамнаас мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжлав.

33 минут үргэлжилсэн уг ярианы үеэр Кан Кюн Ва Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Орос улсад хийсэн дээд хэмжээний уулзалтын үр дүн хийгээд хоёр Солонгосын хооронд хийсэн яриа хэлэлцээ болон хоёр улсын харилцаанд сүүлийн үед болсон үйл явдлуудын тухай танилцуулсан бол Майк Помпео Умард Солонгостой хийхээр товлоод буй яриа хэлэлцээний бэлтгэл ажлын явцын талаар танилцуулсан байна.

Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явц өрнөж буй энэ чухал үед хоёр талын харилцааг бэхжүүлэх шаардлагатай байгааг хоёр улсын сайд нар онцолсон байна.

Умард Солонгос болон АНУ-ын удирдагчдын Сингапурт хийсэн дээд хэмжээний уулзалтаас хойш Кан Кюн Ва болон Майк Помпео нар дөрөв дэх удаагаа утсаар ярьж буй нь энэ аж.
 
Э.Хулан
 
Холбоотой мэдээ