Шатахууны үнийг эсэргүүцэн дуут дохиогоор нэгдэхийг уриалав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-07-06 17:42:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын Үндэсний Бодлогын хорооны Зам тээврийн бодлогын зөвлөлөөс Засгийн газарт шатахууны үнийг буулгах шаардлага хүргүүлж буйгаа мэдэгдлээ.
 
Тус зөвлөлийн гишүүд “Засгийн газар 2018 онд багтаан шатахууны үнийг тодорхой хүрээнд буулгах, нэмэгдсэн үнийн асуудлыг нэн яаралтай зохицуулах шаардлагатай. МАН 2016 оны улс төрийн сонгуульд оролцохдоо шатахууны үнийг  өсгөхгүй барих, улс даяар нэг үнэтэй байлгах амлалт өгсөн. Гэтэл орон нутаг болон нийслэлд шатахууны үнэ газар тэнгэр шиг байгаа. Тиймээс бид нэг үнэтэй болгохыг шаардаж байна” гэсэн юм.

Монгол Улс жилдээ 800-1400 сая ам.долларын нефтийн бүтээгдэхүүн хэрэглэдэг. Үүний 95-99 хувийг нь ОХУ-аас, тэр дундаа Роснефть компаниас валютаар худалдан авдаг. Тэгвэл чоно борооноор гэдэг шиг ард түмэн наадам, хөлбөмбөг гээд сатаарах зүйл ихтэй үеийг далимдуулан бензиний үнийг нэмснийг хэвлэлийн хурлын үеэр тодотгож байлаа. 
Ардчилсан намын Зам тээврийн бодлогын зөвлөлийн гишүүн Д.Болорсүрэн хэлэхдээ, "Шатахуун гэдэг Монголчуудын хувьд стратегийн бараа. Нүүрс, зэсээ зарж олсон хэдэн валютаараа шатахуун аваад дуусах уу. 2013-2016 онд шатахууны үнэ огт нэмэгдэж байгаагүй. Гэтэл Ж.Эрдэнэбат, У.Хүрэлсүх нар Ерөнхий сайд болсноос хойш 700 төгрөгөөр нэмэгдчихээд байна. Үүнд төр зохицуулалт хийх хэрэгтэй" гэв. 
Тус зөвлөлөөс энэ сарын 09-ний өдөр 12:30 болон 18:30 цагт нэг минутын турш өөрсдийн машины дуут дохиог дуугаргаж, шатахууны нэмэгдэлд эсэргүүцлээ илэрхийлэхэд нэгдэхийг уриаллаа. 
Ж.Болор

Холбоотой мэдээ