“Таванбогд” группт хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдаж авах санал тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-12-07 15:29:54

Улаанбаатар хотын А зэрэглэлийн бүсэд буюу Төрийн ордны зүүн талд байрлалтай 2698 метр квадрат эзэмшил газартай, “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгыг худалдаж авсан Абдул Карим Забон өнөөдөр гэрээгээ цуцлах хүсэлтээ НӨХГ-т албан ёсоор хүргүүлжээ.

Энэ оны 11 дүгээр сарын 30-нд болсон газрын дуудлага худалдаагаар  Абдул Карим Забон тус газрыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдаж авсан юм. Дуудлага худалдаа болсноос хойш түүний болон эхнэрийнх нь талаар ташаа мэдээлэл, гүтгэлэг олон удаа гарсан төдийгүй иргэдээс ч гэрээгээ цуцлах тухай олон хүсэлт иржээ.Тиймээс иргэдийн хүсэлтийг харгалзан үзэж, гэрээгээ цуцлах болсон хэмээн  Абдул Карим Забон тайлбарлажээ.

Абдул Карим Забон дуудлага худалдаанд оролцохдоо 710 сая төгрөг дэнчинд тавьсан бөгөөд уг хөрөнгийг дуудлага худалдааны зарчмын дагуу төсвийн орлого болгож авах болно хэмээн НӨХГ-ын Захиргаа удидлагын хэлтсийн Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн мэргэжилтэн Л.Баянбат хэллээ.

Тэрбээр, Тухайн үед дуудлага худалдаанд оролцож, Абдул Карим Забоны дараагийн үнийг хэлсэн “Таванбогд” группт 23 тэрбум 850 сая төгрөгөөр “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлвэрийн барилгыг худалдаж авах санал тавина. Хэрэв “Таванбогд” групп татгалзсан хариу өгвөл дахин дуудлага худалдаа явуулах юм” гэв.

Ирэх онд 19 барилга дуудлага худалдаагаар борлуулахаар төлөвлөж байгаа бөгөөд уг жагсаалтад Хүүхдийн урлан бүтээх төв орсон байна. Уг барилга нь 1950 онд ашиглалтад орсон бөгөөд 2007 онд үйл ажиллагаа явуулахыг хоригложээ. Барилгыг засварлахад дахин шинээр барих хэмжээний санхүүжилт шаардагдах аж. Энэ хэмжээний хөрөнгийг төсвөөс гаргах боломжгүй тул газрыг дуудлага худалдаагаар борлуулах нь зөв гэж НИТХ үзжээ.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ