Эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд 73 мянган иргэн хамрагджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2015-12-07 21:46:44

Өвөрхангай аймгийн Засаг даргын санаачилгаар ИТХ-аас 2015 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Аймгийн ИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдаанаас зорилтот жилийн үйл ажиллагааг хангалттай сайн буюу 95,8 хувьтай биелэсэн гэж үзлээ.

Зорилтот жилийн хүрээнд авч хэрэгжүүлсэн нэг томоохон ажил бол нийт хүн амыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, эрүүлжүүлэх явдал байсан. Бүх сумдын эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төв дээр явагдсан анхан шатны үзлэгт нийт хүн амын 65,6 хувь буюу 73811 иргэн хамрагдсан бол БОЭТ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт 30726, Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэгт 241,  Хавдар судлалын үндэсний төвийн эмч нарын үзлэгт 1593, Эрүүл мэндийн даатгалын урамшуулалт үзлэгт 1664 иргэн хамрагджээ.

Урьдчилан сэргийлэх үзлэгээр хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, үүний дотор ходоодны үрэвсэл дийлэнх иргэдэд илэрч байсан бол цусны анхдагч даралт ихсэх өвчин, бөөрний архаг үрэвсэл, харааны хугарлын эмгэг, мэдрэлийн ёзоор ба сүлжээний эмгэг гэсэн өвчлөлүүд тэргүүлэх шатанд илэрч байгааг ЭМГ-ын дарга Ч.Сэрчмаа мэдээлэлээ. Сумдаар тодруулвал Баянголчуудад хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчлөл, Нарийнтээлчүүдэд зүрх судасны өвчлөл, Баян-Өндөрчүүдэд мэдрэлийн өвчин, Гучин-Уст нүдний өвчин, Өлзийтөд бөөр, шээсний замын өвчлөл зонхилон илэрчээ.

Мөн ЕБС, цэцэрлэгийн хүүхдүүдийг шүдний урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, шүдний эмгэг илэрсэн 10370 хүүхдийн 4701 буюу 45,3%-ийг эмчлэн эрүүлжүүлээд байна.

Эрүүл мэндийг дэмжих жилийн ажилд орон нутгийн төсвөөс нийт 300 сая төгрөг төлөвлөн зарцуулсан юм. Зорилтот жилд хүн амыг эрүүл мэндийн үзлэгт хамруулаад зогсохгүй иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, зохистой зан үйлийг төлөвшүүлэх, дасгал хөдөлгөөнийг сурталчлах чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулж, уулзалт зөвлөгөөн зохион байгуулах, эмнэлгийн барилгыг шинээр нэмэгдүүлэн барих, засварлах, тоног төхөөрөмжөөр хангах, эмч мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын сургалтад хамруулах, нийтийн эзэмшлийн талбай дахь хогийг зайлуулж, цэвэр эрүүл орчин бүрдүүлэх зэрэг олон арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлжээ.

Б.Батчимэг

Холбоотой мэдээ