Нийгмийн даатгалын санд 614 мянган иргэн шимтгэл төлж 380 мянган ахмад тэтгэвэр авдаг

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-07-27 11:23:05
“Уулын мод урттай богинотой, олон хүн сайнтай муутай” гэж ярьдаг. Нийгмийн  харилцаанд үүнийг авч үзвэл   чинээлэг хэсэг, эмзэг бүлгийнхэн гэж ойлгож болхоор байгаа юм. Чинээлэг хэсгийнхний хувьд ашиг орлого арвинтай тул  амьдралын баталгааны төлөө төдийлөн санаа тавихгүй байх магадлалтай. Тэгвэл эмзэг бүлгийнхний хувьд нийгмээс   халамж үйлчилгээ авах зайлшгүй шаардлага урган гардаг гэж хэлж болно. Эмзэг бүлгийнхэн гээд байх зүйл үгүй нийгмийн үнэмлэхүй хэсэгт   нийгмийн даатгалын тогтолцоо үйлчилж байна. Тоголцоо,түүн дотор нийгмийн дааталын сан иргэдийн амьдралын баталгааг   хангахад чиглэгддэг. Тэднийг   орлогын эх үүсвэргүй болох эрсдлийг нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр тэтгэмжийн хэлбэрээр нөхөн олговор олгодог нэрлээд заншсан бүр хуульчилсан байна.

Нийгмийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь   ажил олгогч төрийн байгууллага, аж ахуйн нэгж, даатгуулагчаас урьдчилан төлсөн   төлбөрөөс бүрдэнэ. Тэрхүү төлбөрийг нийгмийн даатгалын шимтгэл хэмээн нэрлэнэ. Шимтгэл төлөгч иргэн өндөр наслах, хөдөлмөрийн чадвар алдах, өвчлөх ажилгүй болох улмаар   нас бархад, түүний асрамжид байсан хүмүүст хуулийн хүрээнд  нөхөн төлбөр  олгох агуулга бүхий нийгэм эдийн засгийн харилцааг цогцоор нь  нийгмийн даатгалын салбар гэж авч  үздэг гэнэ.

Монгол улсад нийгмийн даатгалын  салбар үүсээд 76 жил болсон аж. Энэ хооронд МҮЭ (1990 оноос өмнө тус байгууллага олон нийтийн статустай байсан боловч төрийн захиргааны үүрэг гүйцэтгэж байв ), Сангийн яам,Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам (ЭМНХЯ)  НХХЯ гэсэн төрийн захиргааны төв байгууллагуудад харъяалагдаж иржээ.

Ер нь 1995 онд Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ОУХБ)- ын дэмжлэгтэйгээр нийгмийн даатаглын салбарын багц хуулийг баталснааар   нийгмийн даатгалын салбарын энэ тогтолцоо бий болсон юм билээ. Нийгмийн даатгалын сангаас одоо 380 мянган иргэн өндөр настны тэтгэвэр авдаг. Харин 614 мянга орчим иргэн шимтгэл төлдөг. Энэ хүрээнд үйл ажиллагаа явуулж байна.

Нийгмийн даатгалын сангийн  орлого  2018 оны эхний хагас жилд  1,2 их наяд төгрөг болсон аж. Түүнийг 2017 оны мөн үетэй харьцуулж үзвэл 200 тэрбум төгрөгөөр өсчээ. Тус сангийн орлого тодорхой хэмжээгээр өсөхөд, нийгмийн даатгалын  салбарын эрх зүйг шинэчлэх хүрээнд 2017, 2018 онууд УИХ-аас батлан гаргасан багц хуультай холбоотой гэж мэргэжилтнүүд ярьж байна. Тухайлбал нийгмийн даатгалын санд даатгуулагч, ажил олгогчоос төлдөг шимтгэлийг нэг хувиар нэмсэн. Энэ шинэтгэл 2020 он хүртэл үргэлжилнэ. Нөгөө талаар тэтгэвэрт гарах насыг 2018 оноос эхлэн жил бүр гурван сараар нэмлээ. Түүнийг дагаад нийгмийн даатгалын санд шимтгэл төлөх 20 жил, 2037 он хүртэл жил бүр гурван сараар нэмэгдэнэ.

Эмэгтэй хүн 55 нас хүрч тэтгэвэр тогтоолгож байсан бол энэ онд 55  нас гурван сартай болж байж тэтгэвэр тогтоолгоно. Тэгвэл эрэгтэй хүн 60 нас гурван сар  хүрч тэтгэвэртэй болох   эрх үүснэ. Эрэгтэй, эмэгтэй хүний тэтгэвэрт гардаг насны   зөрүү тэтгэвэрийн шинэчлэлийн хүрээнд  арилна. Энэ хугацаатай,  2037 он  хүртэл үргэлжилнэ. Харин тэр үед нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаа 25 жил болж нэмэгдсэн байна.  

Түүнээс гадна  иргэд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн  дараалсан 60 сарыг сонгон авч түүний дундаж цалингаар тэтгэвэр тогтоолгодог байсан юм. Тэгвэл  2019 оноос 72 сар (зургаан жил) болголоо. Улмаар 2020 оноос хойш 84 сар (долоон жил) болгон өөрчилсөн юм. Энэ бүхэн бол нийгмийн даатгалын сангийн орлого нэмэхээр эрх зүйн хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ. Эдгээрийн эхний үр дүн энэ оны эхний хагас жилээс эхлэн гарч байгаа нь энэ болов уу. Харин тус сангийн хөрөнгийг эдийн засгын утгаар нь өсгөсөн, ашиласан зүйл байхгүй гэж хэлж болно.

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг хөгжилтэй гадаад оронд  нийгэм эдийн засгийн хөшүүрэг, зах зээлийн доголдлыг буруулах чиглэлд ашигладаг.  Ийм арга хэмжээ авч хэрэжүүлэх нь  цаашлаад нийгэмд тогтвортой байдал үүсэх суурь болдог сайн талтай гэж ОУХБ үздэг гэнэ.

Монгол улсын нийгмийн даатгалын сангийн орлого талд гарсан энэ өөрчлөлт нь тухайн салбарын хөрөнгийг нийгэм эдийн засгийн хөшүүрэг болгон ашиглаад гаргаагүй. Харин салбарын эрх зүйн харилцааг өөрчлөх хүрээнд, нэг үгээр хэлбэл захиргааны арга хэрэглэснээр гарч байгаа үр дүн.

Ер нь нийгмийн даатгалын санд ирээдүйнхээ төлөө төлж байгаа иргэний шимтгэлийг өнөөдрийн өндөр настанд тэтгэвэр болгон тарааж байгаа үйлдэлийг өөрчлөхгүйгээр энэ санд хөрөнгө хуримтлахгүй гэж ОУХБ заавар зөвлөмж өгдөг гэнэ. Харин манай улсын хувьд тус салбарын хөрөнгийг нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөшүүрэг болгон ашиглаж аривжуулсан туршлага алга.

Ийм болохоор нийгмийн даатгалын сан бие дааж, хөл дээрээ босох яагаачгүй байгаа бололтой. Энэ салбарыг хөл дээр нь босгох талаар хэлэлцэх хэрэгтэй болсон юм биш үү. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэг дээ.                                                                                        Г. Эрдэнэбат

Холбоотой мэдээ