Террорист “Лалын улс” бүлэглэл хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-31 11:34:13
ДАМАСКУС. /Би-Би-Си/. Террорист “Лалын улс” бүлэглэл Сирийн баруун өмнөд нутгаас 30 гаруй хүүхэд, эмэгтэйчүүдийг барьцаалаад байгаа тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мягмар гарагт мэдээлэв.

Өнгөрсөн долоо хоногт Эс-Сувайда мужид уг бүлгийн босогчдын үйлдсэн дараалсан аймшигт халдлагын үеэр хүүхэд, эмэгтэйчүүдийг хулгайлсан хэмээн таамаглаж байгаа юм байна. Сирийн засгийн газар тус мужийн ихэнхи нутгийг хяналтандаа байлгадаг хэдий ч дээрх бүлгийнхэн тус мужид багахан хэмжээний нутгийг хянадаг аж.

Цахим “Эс-Сувайда24” хуудас болон Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр, долдугаар сарын 25-нд үйлдсэн цуврал дэлбэлэлт нь үндэсний цөөнх “Друзе” нарын олноор суурьшин амьдардаг нутгуудыг гол байгаа болгосон байжээ. Уг халдлагын үеэр 200 гаруй хүн харамсалтайгаар амь үрэгдсэн билээ. “Друзе” нар нь Сирийн шашны цөөнхийн гурав дахь том бүлэг бөгөөд "Лалын улс" бүлэглэлийн хувьд тэрс үзэлтнүүд болдог юм байна.

“Лалын улс бүлэглэл нь хүүхэд болон эмэгтэйчүүд нийлсэн 36 хүнийг барьцаалаад байгаа бөгөөд зугтахыг оролдсон эмэгтэйчүүд дундаас 2 бүсгүй амиа алдсан” гэж Сири дэх хүний эрхийг хамгаалах байгууллага мэдээлжээ. Тэдгээр хүмүүсийг суллах тухай яриа хэлэлцээ хийж байгаа юм байна. Харин уг бүлэг нь хүмүүсийг барьцаалсан тухайгаа огт зарлаж, мэдэгдээгүй байгаа ажээ.
Э.Хулан
 

Холбоотой мэдээ