Хятадаас ирсэн оюутнууд монгол ахуйтай танилцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-07-31 17:21:05
Ховд/МОНЦАМЭ/ Ховд Их Сургууль БНХАУ-ын их, дээд сургуультай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, Монгол хэл, соёлыг олон улсад түгээн дэлгэрүүлэх, гадаадын иргэдэд нүүдэлчдийн амьдрал ахуй, соёл, ёс заншлыг сурталчлах зорилгоор “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018” зохион байгуулж байна.
Зуны сургалт  энэ оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 08 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдах юм.
Энэ удаагийн Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалтанд БНХАУ-ын Ганьсу мужийн Баруун хойтын үндэстний их сургууль болон БНХАУ-ын Чинхай мужийн Хөхнуурын үндэстний их сургуулийн нийт 5 багш, 40 оюутан оролцож байна.
“Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018” нь “Монголын сайхан орон”, “Монгол хэл, соёл”, “Монголчуудын уламжлалт ёс заншил”, “Монголчуудын уламжлалт тоглоом наадгай”, “Монголчуудын уламжлалт баяр ёслол”, “Монгол орны байгаль, экологи” гэсэн зургаан агуулгын хүрээнд сургалт, хэлэлцүүлэг, аялал, дадлага ажил, уралдаан тэмцээн, үйл ажиллагааны дүгнэлт ярилцлага зэргээр үргэлжлэх юм.
Өнгөрсөн хугацаанд “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018”-нд хамрагдаж буй багш, оюутнууд Ховд аймгийн түүхэн дурсгалт газар Хар Ус нуур, Гурван цэнхэрийн агуйтай танилцахаас гадна аймгийн музей, өв соёлын хүрээлэнд зочилж, олон үндэстэн, ястны түүх, соёлтой танилцжээ.
Мөн 07-р сарын 26 ны өдөр “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018”-ын танхимын сургалт эхэлж уг сургалтаар оролцогчид кирил үсэг сурахын зэрэгцээ Монгол хэл, соёл, түүх, ёс заншлын талаар лекц сонсож, мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлсэн байна. 
Нөгөө талаар “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018”-ын оролцогчид нүүдэлчин монгол ахуйтай танилцаж, түүгээр дамжуулан Монголчуудын аж амьдрал, ахуй соёл, ёс заншлаас суралцжээ. Мөн энэ үеэр ямаа саах, аргал түүх, шилбэ зангидах, банш чимхэх уралдаанууд зохион байгуулсны дээр “Монгол хэл, соёл, угсаатны зүйн олон улсын зуны сургалт-2018”-д оролцогчид Ховд хоттой танилцсан байна. 
 
А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ