ХАМАС, Израиль хоёр эвлэрлийн тохиролцоонд хүрлээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-08-10 12:09:40
ГАЗЫН ЗУРВАС. /АНАДОЛУ/.  Палестины ХАМАС хөдөлгөөн болон Израилийн тал эвлэрлийн тохиролцоонд хүрсэн байна. Палестины эх сурвалжийн ярьснаар, Египет улс зуучилснаар талууд зөвшилцөлд хүрчээ.

Ингэснээр гал зогсоох тохиролцоо орон нутгийн цагаар 22:45 цагт хүчин төгөлдөр боллоо.

Энэ удаагийн тохиролцоо нь сүүлийн хоёр сарын хугацаан дахь 5 дахь удаагийн гал зогсоох хэлэлцээр юм. Израилийн армийн Жанжин штабаас өмнө нь өгсөн мэдээллээр бол, Газын зурвасаас пуужингууд харвасны хариуд Израилийн тал Палестин дахь 150 байд цохилт өгсөн байна. Израилийн нутаг дэвсгэр рүү 180 пуужин харваснаас 30-ыг нь тус улсын “Төмөр бөмбөгөр орой” гэдэг пуужингийн довтолгооноос хамгаалах систем амдан устгажээ. Бусад нь цөлд унаж дэлбэрсэн байна.

Израилийн арми буюу ЦАХАЛ-ын мэдээлснээр, 8-ны өдрийн оройноос 9-ний өглөө хүртэлх хугацаанд Израилийн нисэх хүчин Газын зурваст  ХАМАС хөдөлгөөний 20 гаруй цэргийн объект болон сургалтын хуарангуудад цохилт өгчээ.

Израилийн цохилтод өртөн гурван хүн, тэдний дотор жирэмсэн эмэгтэй болон ой хагастай хүүхэд амиа алдаж, 30 хүн шархадсан байна.

Э.Аянзаяа 

Холбоотой мэдээ