Меконг гол үерлэсний улмаас олон хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ПНОМПЕНЬ. /Синьхуа/. Камбож улсын Меконг гол сүүлийн 3 долоо хоногийн турш үерлэсний улмаас 15 хүн амиа алдаад байгаа ба олон мянган хүнийг өндөрлөг газар руу нүүлгэн шилжүүлсэн гэж тус улсын байгалийн гамшгийн уршгийг арилгах газрын хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.
“Өнгөрсөн сарын сүүлээр Меконг гол үерлэж эхэлсэн ба уг байгалийн гамшгийн улмаас манай улсын Стун Трен, Крати, Тбун Хмум, Кампон Чам, Прей Вэн болон Кандал зэрэг 6 мужийн ард иргэд хүнд байдалд ороод байна. Амиа алдагсдын дунд бага насны 7 хүүхэд байна. Мөн 5811 өрхийг аюулгүй газарт нүүлгэн шилжүүлсэн” гэж Камбожийн байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний хорооны хэвлэлийн албаны төлөөлөгч Кео Ви мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ 285400 мянган хавтгай дөрвөлжин метр тариалангийн талбай усанд автаад байгаа ажээ.
Үерийн усны түвшин өнгөрсөн ням гарагаас багасч эхэлсэн ба ойрын өдрүүдэд нөхцөл байдал сайжирна гэж найдаж байна гэж Кео Ви нэмж хэлсэн байна. Камбож улсад долоогоос аравдугаар сард үерийн гамшиг нүүрлэдэг аж. 2011 онд Камбож улс үерийн гамшигт хамгийн их нэрвэгдсэн бөгөөд тухайн үед үерийн улмаас амиа алдагсдын тоо 250 хүрч байсан байна.
Э.Хулан