Ирээдүйд хийх хөрөнгө оруулалт эдийн засгийг тэлнэ

ТОЙМ
ariunzaya@montsame.mn
2018-09-04 15:19:30
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Монголчуудын хувьд 2011 он бол түүхэнд байгаагүй эдийн засгийн өндөр үзүүлэлттэй үе байв. Уул уурхайн салбар буюу алт, зэсээс гол орлого төвлөрч байсан Монгол Улсын хувьд тухайн жил нүүрсний үнэ нэмэгдэж, экспорт, гадаад валютын урсгал эрс өсч, баруун солгойгүй мөнгө урсгаж байлаа.

Хүн бүрт 70 мянган төгрөг тарааж байсныг тухайн үед хуримтлал үүсгэж хадгалсан бол өнөөдөр эдийн засагт зөөлөвч болох байсан гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Ямар ч улс орны хувьд эрдэс баялгийн орлогоо зөв удирдаж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, иргэддээ тэгш хуваарилахыг хичээдэг. Харин үүнийг гүйцэлдүүлэх гол талбар нь Баялгийн сан юм. Гадны улс орнууд хөрөнгөжсөн үедээ баялгаа хуримтлуулж хүч тарамдсан үедээ хэрэглэх зорилгоор баялгийн сан байгуулдаг жишигтэй. Харин манай улсын хувьд 2008 оноос хойш уул уурхайгаас орж ирэх орлогыг зөв зарцуулж, хуримтлал үүсгэх зохицуулалтын 4 сан байгуулсан боловч нэг нь ч ашгаа өгсөнгүй. Тодруулбал 2008-2009 онд “Монгол Улсыг хөгжүүлэх сан”, 2009-2016 онд “Хүний хөгжил сан”, 2010 онд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар “Төсвийн тогтворжуулалтын сан”, 2017 онд “Ирээдүйн  өв сан”-г  байгуулсан ч эх үүсвэрийн хувьд хасах данстай жирийсэн хоёр  сан нь  эдүгээ хаагдаад байна. Ийнхүү Монгол Улсын баялгийн санд хуримтлал үүсэхгүй хаагдаад байгаа гол шалтгаан нь  нэмж хөрөнгө орох боломжгүй хасах данстай явж ирсний уршиг гэдгийг эдийн засагчид шүүмжилж буй юм. Тухайлбал “Хүний хөгжил сан”-гийн хишиг тараах жишиг “Ирээдүйн  өв сан”-д нэг их наяд 71,9 тэрбум төгрөгийн өрийг үлдээсэн гээд Монгол Улсын баялгийн сан хэмээх сүржин нэртэй даржин сангууд цаасан дээр хэрэгжсээр ирсэн нь нууц биш. Үүнтэй зэрэгцэн 5 дахь сан төрөхөөр дуншиж эхэллээ. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар “Эрдэнэс Монгол” компанийг хөгжүүлэх замаар баялгийн сан байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж хуулийн төсөл боловсруулж байгаа юм. Тэрээр улс төрөөс хараат бус, мэргэжлийн багаар удирдуулсан баялгийн сан байгуулж хуримтлал бий болгох ёстой гэсэн байр суурийг илэрхийлээд байгаа. Гэвч энэ нь хэр зэрэг биеллээ олж сайн хэрэгжих вэ гэдэг нь эргэлзээтэй.
Үнэндээ дэлхийн улс орнуудын  баялгийн сангуудын жишиг нь хөрөнгөжсөн үедээ баялгаа хуримтлуулж улс орныхоо урт хугацааны өсөн нэмэгдэх тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулах зарчмаар ажилладаг. Тэд байгалийн баялгийг гарт баригдаж нүдэнд үзэгдэх мөнгө хүртэлх менежментийг хийж чаддагаараа биднээс ялгарч буй юм.



Эдүгээ байгалийн нөөцтэй 40 гаруй улс 60 гаруй баялгийн сан байгуулан ажиллаж буй  бөгөөд  эдгээр сангийн нийт хөрөнгө 7.3 их наяд ам.доллараас давсан дүн мэдээ бий. Газрын тосны орлогоосоо хуримтлал үүсгэн дэлхийн анхны баялгийн санг  байгуулсан Кувейт улсын хөрөнгө оруулалтын сан 2017 оны жилийн эцсийн байдлаар 592 тэрбум ам.долларт хүрсэн нь манай улсын жилийн төсвийг 180 нэмэгдүүлсэнтэй тэнцэх юм.

Улмаар дэлхийн хамгийн их хуримтлалтай Норвеги, Чилийн үндэсний баялгийн сангуудын үйл ажиллагааг  Төвбанк  нь удирддаг бол Кувейт Азербайжанд шинээр корпораци байгуулан баялгийн сангийн үйл ажиллагаагаа тэлж байна. Норвегийн хувьд бүх орлогоо баялгийн сандаа төвлөрүүлсний  дараа  4 хувийг улсын төсөвтөө шилжүүлж хуваарилалт хийх зарчмаар ажиллаж байгаа бол Японд хуримтлалаа өсгөхийн тулд хөрөнгө оруулалт хийх замаар зээл олгож баяжуулдаг аж.  Япон улсын хувьд мөнгө зээлэх хэлбэрээр сангийн хөрөнгөө зузаатгаж, хүүний мөнгөөр Хурдны галт тэрэгний сүлжээ, ДЦС-ууд барьсан гээд бүтээн байгуулалтад хөрөнгө оруулж иржээ. Харин Казахстан улс байгалийн баялгаасаа  “Үндэсний сан”  байгуулсан бөгөөд хуримтлалаасаа томоохон төсөл хөтөлбөрүүдээ санхүүжүүлдэг байна.
Энэ мэт улс орнуудын жишгээс үзвэл үндэсний баялгийн сангийн эх үүсвэр ямар орлогод тулгуурлах вэ, хэнээр удирдуулах вэ гэдгээ сайтар тодорхойлж, хуримтлалаа өсгөх, зарцуулах,  хянах тогтолцоог бий болгоход анхаарч ирсэн нь сан оршин тогтнох гол үндэс болжээ. Дэлхийн сайн жишиг болох Норвегийн сан гэхэд газрын тос, байгалийн хийн үйлдвэрлэлээс орж ирэх татвар дээр тулгуурлаж ирсэн бөгөөд тэд ирээдүй хойч үедээ баялгийн сангийн хөрөнгийг үлдээхийн зэрэгцээ одоогийн иргэд ч хүртэх ёстой гэсэн зарчмыг баримталдаг байна. Харин ил тод байдлаараа Чилийн баялгийн сан ялгардаг бөгөөд уул уурхайн салбарын орлогыг төсөвт оруулж төсвийн илүүдлээсээ  сангууддаа хуваарилалт хийж иржээ.

Харин Монгол улсын хувьд баялгийн хариуцлагатай үр нөлөө бүхий засаглалыг бэхжүүлэх, байгалийн баялгийн орлого сангийн эх үүсвэр хэмээн хуульчилсан ч  орлогын төвлөрөлт, хуримтлал өсгөх явцын талаарх нарийвчилсан заалтгүй байгаа нь үндэсний баялгийн санг хөгжихөд тушаа болж буйг эдийн засагчид тодотгодог.  Гадны туршлагуудаас харвал өр зээлийн түвшин буурч, эдийн засаг өссөн үедээ баялгийн сангаа  байгуулдаг бол манай улсын хувьд төсвийн алдагдал өндөр, эдийн засаг саарч байх үед байгуулсан нь өгөөжөө өгөөгүй гэдгийг дээрх тоо баримт илтгэж байна.
 Б.Заяа
Холбоотой мэдээ