Д.Сумъяабазар: “Эрдэнэс Монгол” компанийг хөгжүүлэх замаар баялгийн сан байгуулахаар ажиллаж байна

Монголын мэдээ | Уул уурхай
ariunzaya@montsame.mn
2018-09-06 10:01:33
Улаанбаатар/МОНЦАМЭ/.“Дисковер Монголиа-2018 ” эрдэс баялаг, уул уурхайн нэгдсэн чуулган Шангри-Ла зочид буудлын хурлын танхимд эхэллээ.

Экспортын нийт орлогын 90 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид чуулдаг уг арга хэмжээнд хувийн хэвшлээс гадна Засгийн газар, бизнесийн салбарын төрийн бус байгууллагууд оролцож анхаарал татсан, тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлж шийдэл хайж байна. Чуулган хоёр өдөр үргэлжлэх бөгөөд чуулга уулзалтын урьдчилсан хэлэлцүүлгүүд өнгөрсөн долоо хоногт болсон юм.

Энэ удаагийн чуулга уулзалтаар уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо, татвар болон хууль эрхзүйн орчны шинэчлэл, Засгийн газрын дэмжлэг болон хөрөнгө оруулалт зэрэг найман сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнөх юм. 

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулганыг нээж "Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбарыг хөгжүүлэх нь" сэдвээр илтгэл тавив.

Тэрээр илтгэлдээ, “Монгол Улс энэ оны эхний долоон сарын байдлаар 26.3 сая тонн нүүрс 764.4 мянган тонн зэсийн баяжмал 9.2 тонн алт, 3,1 мянган тонн молибдений баяжмал 7.1 сая тонн төмрийн баяжмал тус тус олборлосон. Уул уурхайн салбарт ойрын хугацаанд Тавантолгойн ордын үйл ажиллагааг эрчимжүүлэхээр ажиллаж байна. Мөн "Эрдэнэс Тавантолгой" компанийн IPO-г гаргахаар ажиллаж байгааг та бүхэн мэдэж байгаа. Эндээс босгосон хөрөнгөөр нийт 5 тэрбум ам.долларын 10 гаруй төслийн санхүүжилтийг шийдсэнээр Монгол Улсын эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна" хэмээн онцлов.  Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд  “Эрдэнэс Монгол” компанийг хөгжүүлэх замаар баялгийн сан байгуулах нь зүйтэй гэсэн санал гаргаж хуулийн төсөл боловсруулж байгаа бөгөөд салбарын менежментийг сайжруулах, байгалийн баялгийг ирээдүй хойч үедээ шударгаар хуваарилах,  эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үүднээс Үндэсний баялгийн санг бий болгохоор ажиллаж байгаагаа дуулгасан юм. 
 
Үүний дараа  Оюу Толгой ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд" сэдвээр  илтгэл тавив. 

Тэрээр илтгэлдээ, " Бид олон улсын стандарт, бизнесийн зарчмууд, уул уурхайн салбарын хамгийн сүүлийн үеийн технологит суралцаж байна. Өнгөрсөн долдугаар сард Оюутолгой баяжмалаа гаргасны таван жилийн ойг тэмдэглэсэн. Дэлхийн зах зээлд 5 сая тонн баяжмал гаргав. Оюутолгой дэлхийн уул уурхайн түүхэн дэх хамгийн том хөрөнгө оруулалтын нэг бөгөөд 1.6 тэрбум ам.доллар буюу 2.9 их наяд төгрөгийг Монгол Улсын төсөвт оруулаад байна. Цаашдаа ч бид улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсаар байх төдийгүй “Монголд үйлдвэрлэв” гэсэн стратегийн бодлого баримтална. Сайн боловсон хүчнүүдийг сургана. Эхнээсээ үр дүн гарч байна. "Оюутолгой" хэмээх стратегийг хамтран хэрэгжүүлэх явцдаа дотоодын үйлдвэрлэлийг дэмжин тэлж байна. "Оюутолгой" төслийн ханган нийлүүлэгчдийн дийлэнх нь   монголын компаниуд байна.  2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2.5 тэрбум ам.долларыг зарцуулсан. Гүний уурхай урт хугацааны төсөл бөгөөд 2027 онд бүрэн хүчин чадалдаа хүрэх юм"  хэмээн тодотголоо.

Чуулган "Лайон Менежер Лимитед"-ийн гүйцэтгэх захирал Хэдли Виддапын "Уул уурхайн мөчлөг ба Монгол Улс"  сэдэвт хэлэлцүүлгээр  үргэлжилж байна.
Б.Заяа

 
Холбоотой мэдээ