П.Ганхүү: Давуу эрхийн хувьцаа эзэмшигч 16 ордын ашгийг хүртэнэ

Монголын мэдээ | Уул уурхай
ariunzaya@montsame.mn
2018-09-06 18:04:36
Улаанбаатар/МОНЦАМЭ/."Дисковер Монголиа-2018” чуулганы төлөөлөгчид уул уурхайн салбарын хөгжилд оруулах хувь нэмэр, бүс нутгийн худалдаа ба уялдаа холбоо, татвар, хууль эрхзүйн орчны шинэчлэлийн асуудалд төвлөрөн ярилцав.

"Монгол Улсын хөгжилд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх үүрэг" сэдвээр  “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү илтгэл тавьсан юм.

Тэрээр “Эрдэнэс Монгол” компани дунд хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулах, эрчим хүч дэд бүтэц, ложистик, боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаагаа дуулгасан юм.

Эхний ээлжинд стратегийн ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоолгож, ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр тусгай төлөвлөгөө боловсруулах бөгөөд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх юм байна. Улмаар “Хүний хөгжил” санд хөрөнгө төвлөрүүлэх, сангийн хөрөнгийн эх үүсвэрийг тогтворжуулах хүрээнд стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч Эрдэнэт үйлдвэрийн Монголын талын хувь, Багануур ХК, Шивээ овоо ХК-ийн төрийн эзэмшлийн хувьцааг “Эрдэнэс Монгол” компанид шилжүүлэхийг Засгийн газрын 2013 оны гуравдугаар сарын 16-ны 100 дугаар тогтоолд  тусгасан байдаг.  Багануур, Шивээ Овоогийн хувьд асуудал шийдэгдсэн бөгөөд ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрийн асуудлыг шийднэ гэдгийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал П.Ганхүү онцолсон юм. Мөн газрын тос, газрын ховор элементийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах компани байгуулж хувьцаа эзэмших юм байна. Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэс Монгол” ХХК  гурван сая ширхэг хувьцааг санхүүгийн тайландаа бүртгэсэн ч, хүн амын өсөлтийг харгалзан давуу эрхийн хувьцааг таван сая болгон компанийн дүрэмд нэмэгдүүлэхээр ажиллаж байгаа төдийгүй давуу эрхийн хувьцаа эзэмшигч стратегийн ач холбогдол бүхий 16 ордын үр ашгийг хүртэнэ гэдгийг илтгэлдээ дурдлаа.
 
Б.Заяа
Холбоотой мэдээ