Завханы хүн ам өсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Хөдөөгөөс хотруу шилжих шилжилт хөдөлгөөн ихэссэн гэсэн мэдээлэл байдаг ч Завхан аймгийн хувьд өнгөрсөн онд Улаанбаатар хот болон, Эрдэнэт, хөрш зэргэлдээ аймгуудаас шилжин ирж суурьших өрхийн тоо нэмэгдсэн нь хүн амын тоонд нөлөөлсөн. 2018 онд Завхан аймгаас бусад аймаг, нийслэл рүү 499 хүн шилжин явж 713 хүн бусад аймаг нийслэлээс манай аймагт шилжин ирж суурьшсан байна. Өмнөх жилүүдтэй харьцуулахад шилжилт хөдөлгөөн буурсан эерэг үзүүлэлт харагдаж байгаа. Аймгийн нийт хүн амын 23 хувь нь аймгийн төв Улиастай суманд, 12.8 хувь нь Тосонцэнгэл суманд, 8.8 хувь нь Их-Уул суманд тус тус амьдардаг байна. 55.5 хувь нь бусад суманд оршин сууж байна. Нийт өрхийн 57 орчим нь төв суурин газар буюу аймгийн төв сумын төвдөө, харин 40 гаруй хувь нь хөдөө оршин сууж байна. Өнгөрсөн онд 1601 хүүхэд төрсөн нь 1000 хүн амд ногдох төрөлтийн тусгай коэффициент 79.9 болж хүн амын цэвэр өсөлт 1217 болсон байна. Энэ онд хүн амын төрөх үеийн хүйсийн харьцаа олон улс, улсын дундаж түвшинд ойролцоо болж 100 хөвгүүнд 94 охид ногдож байна. 2018 онд 384 хүн нас барж, нийт нас баралтад нялхсын нас баралт 4.9 хувийг эзэлж байна. Нас баралтыг хүйсийн харьцаагаар авч үзвэл эрэгтэйчүүдийн нас баралт эмэгтэйчүүдийнхээс 23.8 пунктээр илүү байна хэмээн аймгийн Статистикийн газраас мэдээллээ.
Завханд хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байна гэв
Завхан аймгийн хүн амын суваргыг авч үзвэл 0-4 насныхан хамгийн их хувьтай байна. Мөн хөдөлмөрийн насны хүн амын эзлэх хувь өндөр байгаа нь ажиллах хүчний нөөц хангалттай байгаа үзүүлэлт бөгөөд ажлын байрыг олноор бий болгох шаардлагатайг харуулж байна.
Ер
нь нас, хүйсийн бүтцийн
судалгаа нь хүн амын нас, хүйсийн бүтцийн өнөөгийн байдал, түүнээс гарч болох
үр дагавар, ирээдүйн төлөвийг тодорхойлоод зогсохгүй цаашид баримтлах бодлого, төлөвлөлтийн
үндэс суурь болдог. Жишээлбэл залуу
насны бүтэцтэй буюу 15 хүртлэх насны хүн амын хувь өндөр байгаа улс орнуудын
тухайд, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар төрийн бодлого,
хөтөлбөр боловсруулахад тусгах хэрэгтэй юм. Харин хүн ам нь хөгшин насны
бүтэцтэй улс орны хувьд, тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээний санхүүжилт болон
ажиллах хүчний бууралтын асуудлуудад анхаарах хэрэгтэй болдог. Хүйсийн бүтцийн
судалгааг явуулсаны үр дүнд аливаа бодлого, үйл ажиллагаанд жендэрийн
мэдрэмжтэй хандах боломж бүрддэг хэмээн аймгийн Статистикийн газраас тус тус мэдээлэв.