Орхон аймаг “Монгол ёс заншлын цогцолбор” байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-09-04 16:39:39
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогтын санаачилгаар Орхон аймагт 380 м.кв талбай бүхий монгол гэр болон нүүдэлчдийн ахуй амьдралыг илтгэх “Монгол ёс заншлын цогцолбор” ашиглалтад орлоо.

Цогцолборын гадна тохижилт, явган хүний зам, дэд бүтцийн зардалд орон нутгаас 50 сая төгрөг зарцуулж үлдсэн бүх бүтээн байгуулалтыг хувь хүн, албан байгууллага, аж ахуй нэгжийн хандив тусламжаар бүтээжээ. Эрдэнэ багт байрлах тус цогцолбор нь нийт 10 га талбайг эзэлж байгаа бөгөөд айраг, цагаан идээ бэлтгэх, шир, сур элдэх уламжлалт арга, үндэсний тоглоом, наадгай, модон эдлэлийг хэрхэн хийдэг талаар олон нийтэд үзүүлэх зорилготой гэрүүдийг барьжээ. Том гэрийг тойруулаад 10 гэр барьж мөн явган хүний болон дугуйн зам байгуулж, хиймэл нуур үүсгэсэн байна. Түүнчлэн иргэдийн оролцоотойгоор нарс, улиас, монос, шинэс зэрэг 2000 гаруй мод тарьжээ.

Уг цогцолборын гол зорилго нь хүүхэд, залуус болон хойч үедээ монгол ахуй, нүүдэлчдийн амьдралын онцлог, зан заншил, ёс жаяг, түүх соёлыг түгээн дэлгэрүүлэхэд оршиж байгаа ажээ. Дашрамд дурдахад, Эрдэнэт хотыг 1976 онд 19 аймгаас ирсэн илгээлтийн эзэд байгуулсан бөгөөд олон ястны өлгий нутаг хэмээн онцолдог учир уг цогцолборт дөрвөд, казах, урианхай ястны хурим найр хийж олон нийтэд таниулах зэрэг олон үйл ажиллагаа зохион байгуулах юм.

 

Related news