Газрын харилцаа цахимд шилжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-10-16 13:04:50

Хэнтий /МОНЦАМЭ/  Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас газрын харилцааны ажил үйлчилгээ, мэдээллийг цахимжуулах ажлыг хийжээ.

Энэ хүрээнд 3 төрлийн мэдээллийн сан, 5 төрлийн цахим системийг улсын хэмжээнд нэвтрүүлэн ажиллаж байна. Тус салбарын хэмжээнд 2021 оныг “Газрын харилцааны цахим шилжилт, эрх зүйн шинэтгэлийг эрчимжүүлэх” жил болгон зарласан. Үүнтэй холбогдуулан газрын харилцааны чиглэлээр иргэд олон нийтэд үйлчилгээг нээлттэй, түргэн шуурхай хүргэх зорилгоор “Газрын цахим систем”-ийг 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн нэвтрүүлсэн.

Цахим системийг ашиглахын тулд иргэн “EGAZAR” аппликейшныг гар утсандаа суулгах, мөн интернетийн вэб хөтөч “EGAZAR.GOV.MN” хаягаар нэвтрэх боломжтой. Энэхүү цахим системээр дамжуулан иргэд олон нийт нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд санал өгөх, газрын төлбөр, татвар төлөх, газрын харилцаатай холбоотой нийт 17 төрлийн үйлчилгээг авах юм. Мөн цахим системээс иргэн, хуулийн этгээд нь газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зургийг хэвлэн авч бусад байгууллагаас үйлчилгээ авах боломж бүрджээ. Ингэснээр иргэн, хуулийн этгээд тус байгууллага болон сумын Газрын даамалд заавал биеэр очих шаардлагагүй, үнэт цаас, гэрчилгээний үнэ тушаахгүй учир цаг хугацаа, санхүү хэмнэх давуу тал болж байна.

Тус цахим системээр үйлчилгээ авах цэгийг Эвт худалдааны төвийн 2 давхарт Нэгдсэн үйлчилгээний төв, ГХБХБГ-т Газрын мэдээллийн танхим, Хэрлэн сумын ЗДТГазарт тус тус байршуулаад байна.

Related news