Хэнтий аймгийн ОБГ дугуйтай хамт олон аяныг өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2021-12-28 20:08:41
Хэнтий /МОНЦАМЭ/ Онцгой байдлын газар 2021 оны ажлаа дүгнэж, үйл ажиллагааны тайлангийн хурлыг зохион байгууллаа.
Ирэх 2022 онд Онцгой байдлын газрын алба хаагчид эрүүл нийгмийг хэвшүүлэх, автомашингүй байгууллага болохоор зорилт дэвшүүлэн тус газрын даргын санаачилгаар дугуйтай хамт олон аяныг өрнүүлэхээр төлөвлөжээ.
Үүнийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав дэмжихээ илэрхийлж, Онцгой байдлын газрын 2021 оны үйл ажиллагааг дүгнэн үг хэлсэн юм. Тэрбээр, “Монгол Улсын Засгийн газар, Онцгой байдлын ерөнхий газар, аймаг орон нутгийн хамтын ажиллагааны үр дүнд гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах, Онцгой байдлын газрын үйл ажиллагааны чадавх жил ирэх тусам бэхжиж, ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмж дээшилж байна. Дэлхий дахинаа тохиолдсон халдварт цар тахлын гамшигтай тэмцэх, эрсдэлийг бууруулахад Онцгой байдлын газрын алба хаагчид хичээл зүтгэл гарган манлайлан ажиллаж байгаад талархал илэрхийллээ.
Онцгой байдлын газар нь 2021 онд Аймгийн Засаг даргатай байгуулсан үйл ажиллагааны гүйцэтгэлийн төлөвлөгөөг “А” үнэлгээтэй биелүүлсэн байна. Аймгийн хэмжээнд 2021 онд ой, хээрийн түймэр 19 удаа, авто ослын дуудлага 2 удаа, усны осол 12 удаа, объектын гал түймэр 34 удаа, мал амьтны гоц халдварт өвчин 16 удаа тус тус гарч, Гал түймэр, гамшиг ослын аюулаас 9 хүний амь, төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийн 1,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан аж.
Тус онд ажил үйлсээрээ хамт олноо манлайлан ажилласан оны тэргүүний алба хаагчид, шилдэг хамт олныг шалгаруулж, газрын даргын нэрэмжит шагналыг гардууллаа. Тэргүүний алба хаагчдаар, Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн ахмад Б.Ууганбаяр, Ангийн захирагч хошууч Г.Мөнхнаран, Эрэн хайх аврах салбарын бүлгийн дарга дэслэгч Б.Болор-Эрдэнэ, Аврагч гал сөнөөгч ахлах ахлагч Д.Алтангэрэл, Аврагч дэд ахлагч Э.Мөнхсайхан, Жолооч ахлах ахлагч Ц.Ууган-Эрдэнэ, Дуудлага хүлээн авагч ахлагч Б.Баярсайхан, Үйлчилгээний ажилтан М.Батсайхан, Шилдэг хамт олноор Ахлах ахлагч Ж.Алтансүх захирагчтай 3 дугаар салааны хамт олон тус тус шалгарлаа.
Мөн 2021 онд ажил үйлсдээ идэвх зүтгэл гарган ажилласан 12 алба хаагчийг газрын даргын нэрэмжит шагналаар шагнаж урамшуулан үнэ бүхий зүйлийг гардуулсан юм.
Related news