Хэнтий аймаг мал сүргийн тоогоороо улсдаа гуравт оржээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-11 12:20:16

Хэнтий /МОНЦАМЭ/ Улиран одож буй төмөр үхэр жилд Хэнтий аймгийн нийгэм эдийн засагт нааштай үзүүлэлтүүд гарч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, томоохон төсөл хөтөлбөрүүд эхлүүлсэн жил өнгөрснийг аймгийн Засаг дарга онцлов. 

 Тодруулбал, Мал сүргийн тоо толгой 4,9 саяд хүрч улсдаа 3-р байрт орж, Өмнөдэлгэр сум улсад хамгийн олон малтай сумаар дахин шалгарлаа. Аймгийн эдийн засгийн голлох салбар болох газар тариалангийн салбарт ургац арвинтай сайхан жил байж, 44.8 мянган тн ургац хураан авлаа. Орон нутгийн төсвийн орлогыг 130 хувиар давуулан биелүүлж, худалдааны салбарын борлуулалтын орлого өмнөх оноос 10 гаруй хувиар өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрөгч онд 132,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар олон арван барилга байгууламж, бүтээн байгуулалтын ажлууд өрнөж байна. Мөн боловсролын салбарт өнгөрөгч 4 жилийн хугацаанд 9 сургууль, 14 цэцэрлэг шинээр барьж нийт хүүхдийнхээ 90 гаруй хувийг сургууль, цэцэрлэгт хамрууллаа. Эрүүл мэндийн салбарт улсын төсвийн 4.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гурван ЭМТ-ийн барилгыг шинээр ашиглалтад орууллаа.

Эзэн богд Чингис хааны төрсөн, их түүхийн өлгий нутгийн хувьд Монгол Улсын Засгийн газраас түүхэн аялал жуулчалыг хөгжүүлэх ажлыг эрчимжүүлж, улс орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 6 цогцолборын ажил 70 хувьтай явж байна. 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр 12 сум инженерийн шугам сүлжээнд холбогдож, сумын хөгжлийн үндсэн суурь дэд бүтэц бий боллоо. Биндэр сумын төмөр бетон гүүрийг ашиглалтад оруулж, 3 сумын 6 гүүрийг засварлаж, Батширээт сумын төмөр бетон гүүрний барилгын ажлыг эхлүүлээд байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр 10.1 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий хоногт 3000 м3 ус цэвэршүүлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсныг тус тус дурдлаа.

Related news