Галшар суманд таван тэрбумын хөрөнгө оруулалтын ажил хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-02-16 22:23:29
Хэнтий /МОНЦАМЭ/ Галшар суманд энэ жил улсын төсвийн таван тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хийхээр төлөвлөжээ.
Тодруулбал, “Шинэ сум” төсөл, Соёлын төв, Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилга зэрэг томоохон бүтээн байгуулалтууд өрнөх аж.
УИХ-ын гишүүн Ц.Идэрбат, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нарын ажлын томилолт өнөөдөр Галшар суманд үргэлжиллээ. Тус сумын иргэд хөдөөгийн багуудаа үүрэн холбооны 4G сүлжээнд холбох асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэж байлаа. Харин сумын Засаг дарга Ө.Сарантуяа хэлэхдээ, ирэх онд тус сумын 100 жилийн ой болохтой холбогдуулан хүндэтгэлийн өргөөтэй болоход дэмжлэг үзүүлэх, Чингис хотод бүтээсэн Хардэл жанжин бэйс өвгөн ноён М.Пүрэвжавын хөшөөг сумандаа зөөвөрлөн байрлуулах санал хүсэлтийг илэрхийллээ.
Үүнд, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат Баянбадрал багийг сүлжээнд холбох саналыг хүлээн авч, судалгааны ажлуудыг хийж эхэлснийг мэдэгдэв. Хэнтий аймаг 89 багтай. Үүний 30 шахам нь сумын төвийнх, өөрөөр хэлбэл үүрэн холбооны 4G сүлжээнд холбогдсон багууд байдаг аж. Үлдсэн багуудад сүлжээ тавих асуудлаар судалгаа хийх үүргийг аймгийн Засаг даргад өгсөн. Тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүд Засгийн газрын дэргэдэх Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сан, Үүрэн холбооны компани, Улсын төсөвт сүлжээ тавиулах төсөв тусгуулах зэрэг гурван асуудлаар УИХ-ын гишүүдтэй зөвшилцөж, 2023 онд тодорхой сумдыг сүлжээнд холбох судалгааны ажлыг эхлүүлж байна гэв.
Өнөөдрийн уулзалтаар ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучлан ажиллаж байгаа зарим иргэдийг шагнаж урамшууллаа. Тухайлбал, Сангийн далай багийн иргэн Л.Чинсүх, Баянбадрал багийн иргэн Б.Лхагвасүрэн нарыг Монгол Улсын Засгийн газар, ХХААХҮЯ-ны шагнал “Хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан” тэмдгээр, Баянбадрал багийн М.Төмөрсүх, А.Сэргэлэнбаатар, Сангийн далай багийн Д.Наранмөнх, Э.Ариунтөгс нарыг Монголын Залуучуудын Холбооны 100 жилийн ойн медалиар тус тус шагнасныг гардуулан өглөө.
Related news