Тусгай хэрэгцээт 60 хүүхдэд ухаалаг төхөөрөмж гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2022-04-16 11:03:10
Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн тусгай хэрэгцээт 60 хүүхдэд сурч хөгжихөд нь дэм болох, цахим хичээл үзэх боломжоор хангах зорилгоор ухаалаг төхөөрөмж буюу таблет гардууллаа.
Ингэхдээ 9-18 хүртэлх насны, ухаалаг төхөөрөмж ашиглах чадвартай, сурах хүсэл эрмэлзэлтэй, амьжиргааны түвшнээс доогуур орлоготой айлын хүүхдүүдийг сонгосон бөгөөд үүнд Хэрлэн, Биндэр, Өмнөдэлгэр, Баян-Адарга сумын ЕБС-ийн сурагчид, Насан туршийн боловсролын төвд суралцаж буй хүүхдүүд хамрагджээ.
Уг таблетад хүүхэд бүрийн онцлогт нь тохирсон тохируулгыг хийснээс гадна боловсролын салбарын аппликейшн, хүүхэд хамгааллын чиглэлийн контентуудыг суулгажээ.
Хүүхэд хөгжил хамгааллын жилийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн зөн Монгол ОУБ, Бор-Өндөр-2 ОНХХ-тэй хамтран хүүхэд рүү чиглэсэн олон ажлыг төлөвлөсний нэг нь “Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх” төсөл юм.
Цаашид тус төслийн хүрээнд зөвхөн хүүхдүүдтэй ажиллаад зогсохгүй, эцэг эх, сайн дурынхан, ИНБ-тай хамтран тусгай хэрэгцээт хүүхдүүдтэй ажиллах арга зүй, ур чадвар олгох, мөн төрөөс үзүүлж буй үйлчилгээ, хууль эрх зүйн, хүүхэд хамгааллын чиглэлийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Хэнтий аймагт дохионы хэлмэрч бэлтгэнэ.
Тус төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй буюу тусгай хэрэгцээтэй хүүхдүүдийн боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх, тэгш боломжоор хангах, дижитал технологиор дамжуулан боловсролын ур чадварыг нэмэгдүүлэх зорилготойгоор Улаанбаатар хотын Баянгол дүүрэг, Хэнтий аймагт хэрэгжиж байна.
Тус аймгийн хэмжээнд нийт 28741 хүүхэд байдаг бөгөөд үүнээс тусгай хэрэгцээт 220 хүүхэд байна.
Related news