ХОВД: Эмч, ажилтнуудад байрны урьдчилгаа мөнгө, гэр олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-08-16 12:58:06

Ховд /МОНЦАМЭ/. Наймдугаар сарыг "Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар" болгожээ.

Жил бүрийн наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийг “Эмнэлгийн ажилтны баяр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг.  

“Эрүүл мэндийн ажилтны өдөр”-т зориулсан ёслол хүндэтгэлийн ажиллагааг Ховд аймагт зохион байгуулж, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ыг тохиолдуулан Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шилдгүүдийг шагнаж урамшууллаа. 

Энэ үеэр тус байгууллагад олон жил үр бүтээлтэй, бусдыгаа манлайлан ажилласан М.Отгонбаяр, Б.Батболд, Г.Отгонцоож тэргүүтэй 8 ажилтан “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” цол тэмдэг,  Ц.Цэцэгзул, Х.Оюун-Эрдэнэ тэргүүтэй 13 ажилтан Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр шагнагдлаа. 

Түүнчлэн Ховд аймгийн Засаг даргын “Жуух бичиг”-ээр Л.Оюунчулуун, Ц.Батбилэг,  Ховд аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр Б.Содномпил, Б.Эрдэнэчимэг тэргүүтэй 4 ажилтан, байгууллагын захирлын нэрэмжит шагналаар Л.Адилбиш, Н.Бэрцэцэг, А.Баярхүү тэргүүтэй 10 ажилтан тус тус шагнагдсан байна. Харин бусад байгууллага, аж ахуйн нэгжийн нэрэмжит шагналаар Т.Нямсүрэн, Н.Жүгдэр, И.Дамдин, М.Дагва тэргүүтэй 30 ажилтанг шагнав.  

Мөн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн ажилтан, албан хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн хамгааллыг дэмжих зорилгоор олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа гэр бүлийн хос, их эмч Д.Баярмандал, Ц.Нарангэрэл нарт байрны урьдчилгаа 40 сая төгрөг, мөн техникч Д.Отгоншар үйлчлэгч Б.Долгорсүрэн, М.Баасанхүү, Д.Янжиндулам, жолооч Ш.Бишгарам гэсэн 11 хүнд 5 ханатай гэр (батламж) тус тус олголоо.  

Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бүжгийн уран сайхан хөдөлгөөнийг мэдрүүлэх зорилгоор "Заавал сурах 17 бүжиг"-ийн тэмцээнийг зохион байгуулахад Б.Оюун даргатай Соёл, үйлчилгээний албаны хамт олны 1, 2, 3 дугаар багууд амжилттай оролцож, бусдыгаа манлайлжээ.

Түүнчлэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн дунд зохион байгуулагдсан үндэсний бөхийн аварга шалгаруулах тэмцээнд тус байгууллагын 64 ажилтан барилдсанаас Гэмтлийн тасгийн их эмч, сумын заан Н.Бэрхбол түрүүлж, мөн тасгийн их эмч Б.Батбулган үзүүрлэж, шагналаа гардан авлаа.

БОЭТ-ийн удирдлагууд өргөсөн тангараг эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, бусдын төлөө цаг наргүй зүтгэдэг эмч, эмнэлгийн ажилтнууддаа талархал илэрхийллээ.

Ховд аймгийн Эрүүл мэндийн салбарт 1300 гаруй эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Үүнээс  БОЭТ нь 400 гаруй ажилтантай. 

Related news