ХОВД: Энэ сарын эхээр нүүрс нийлүүлэлтийн гүйцэтгэл 30 гаруй хувьд хүрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-10-18 11:25:38

Ховд /МОНЦАМЭ/.  "Мо-Эн-Ко" ХХК-ийн Хөшөөтийн уурхайгаас жил бүр Ховд аймгийн иргэдэд хөнгөлөлттэй үнээр бүхэл нүүрс олгодог. Энэ жил нийт 35 мянган тонн нүүрс олгохоос одоогийн байдлаар 5100 тонн бүхэл нүүрсийг иргэдэд нийлүүлээд байна. 


Ховд аймгийн З
ДТГ-аас гаргасан хуваарийн дагуу есдүгээр сард 3000 тонн, аравдугаар сард 6200 тонн нүүрс нийлүүлэх юм. Есдүгээр сарын гүйцэтгэл 101 хувьтай буюу бүрэн олгож дууссан бол аравдугаар сарын эхний 9 хоногийн байдлаар гүйцэтгэл 34 хувьд хүрээд байна.

Ордын геологийн нөхцөл байдлаас хамааран нүүрс, чулуулгийн холимог их байдаг учраас иргэдэд бүхэл нүүрс олгохын тулд зайлшгүй гар аргаар ялгадаг онцлогтой.

Тиймээс 1 тонн бүхэл нүүрс бэлтгэх зардал 100 мянган төгрөгөөс давдаг хэдий ч "Мо-Эн-Ко" ХХК иргэдэд 25 мянга, албан байгууллага, аж ахуйн нэгжид 60 мянган төгрөгийн хөнгөлөттэй үнээр нүүрс олгож байна.  

Булган, Дарви, Мөнххайрхан, Үенч, Цэцэг сумын нүүрс нийлүүлэлт хамгийн өндөр байгаа бол Буянт, Жаргалант,  Ховд, Эрдэнэбүрэн сумын иргэд нүүрсээ хараахан авч эхлээгүй байна. График, төлөвлөгөөний дагуу сумдын нүүрс нийлүүлэлтийн ажил үргэлжилж буй.


Related news