Новосибирск, Улаанбаатар хоёр ах дүү хот боллоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ
jargal@montsame.mn
2015-10-05 15:22:53

НОВОСИБИРСК. /TASS/. ОХУ-ын Новосибирск хотын дарга Анатолий Локоть, Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нар хоёр хотыг ах дүү хот болгох гэрээнд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа Монголын төлөөлөгчдийн хийж буй айлчлалын үеэр Новосибирск хотын захиргааны байранд болжээ.

Өнгөрсөн 20 дугаар зуунд, ялангуяа, аугаа эх орны дайны жилүүд дэх Орос, Монголын хамтын ажиллагааны олон жилийн туршлагыг болон хоёр орон харилцан бие биедээ тусалж байсныг Локоть онцлон дурджээ.

“Биднийг эдийн засгийн хамтын ажиллагааны арвин туршлага холбодог. Бид оролцож болох, бие биедээ тусалж болох тодорхой саналуудыг тавьсан. Учир нь Улаанбаатар хотын маш олон объектыг Новосибирскийн барилгын мэргэжилтнүүдийн шууд оролцоотойгоор  байгуулсан билээ. Одоо ч гэсэн их засвар хийх, шинэчлэн засах зэрэг асуудлууд байсан хэвээр байна. Энд бидэнд хамтран ажиллах маш том талбар байна” гэж Новосибирск хотын захирагч хэлжээ.

Зөвлөлтийн, тэр дундаа, Новосибирскийн барилгачид Улаанбаатар хотыг байгуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн болохыг Бат-Үүл хүлээн зөвшөөрөөд, энэ хамтын ажиллагаа одоо ч үргэлжилнэ гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн байна.

Улаанбаатар хотын Орон сууц, нийтийн аж ахуйн /ОСНАА/ салбарт их засвар хийхэд 18 тэрбум орчим доллар шаардлагатай байгааг тэрбээр мэдээлжээ. “Ийм том хэмжээний ажлыг хийхийн тулд бидэнд танай оролцоо, санхүүжилт, дэмжлэг туслалцаа хэрэгтэй” гэж Бат-Үүл хэлсэн байна.

Түүнчлэн хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, эрүүл мэнд, аялал жуулчлал болон бусад салбарт хамтран ажиллана. Дээрх гэрээний хүрээнд харилцан айлчлал хийхээр төлөвлөжээ. Талууд гарын үсэг зурсан өдрөөс буюу өнөөдрөөс эхлэн гэрээ хэрэгжиж эхлэх бөгөөд таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм.

Монголын төлөөлөгчид Новосибирск хотод маш олон арга хэмжээнд оролцоно. Тухайлбал,  ТАСС агентлагт болох "Новосибирск-Улаанбаатар" эдийн засгийн хамтын ажиллагааны форумд оролцож, ОСНАА, эрүүл мэнд, шинжлэх ухаан, боловсролын салбарт хамтран ажиллах тухай хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурна.

Д.Жаргал

 

 

Related news
Comments