Эпштейний баримтуудыг ил болгоход “хэдэн долоо хоног” шаардлагатай гэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /DW/. Хэрэгт хамааралтай байж болох сая гаруй баримт бичиг олдсон тул Америкийн санхүүч, бэлгийн хүчирхийлэл үйлдэгч Жеффри Эпштейнтэй холбоотой материалуудыг ил болгоход хэдэн долоо хоног шаардагдаж магадгүй гэж АНУ-ын Хууль зүйн яам лхагва гарагт мэдэгджээ.
Тэдгээр материалыг ил болгохын тулд Конгрессын хорооноос тогтоосон хугацаа хэдийн дууссан байна. Баримт бичгүүдийг илрүүлсэн талаар Хууль зүйн яамнаас нийгмийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, шинэ баримтууд хэзээ олдсоныг дурдаагүй боловч хохирогчдыг ил болгож болзошгүй мэдээллийг устгахаар тус яамны хуульчид шаргуу ажиллаж байгааг дурджээ.
“Баримт бичгүүд асар олон байгаа тул энэ үйл явц хэдэн
долоо хоногийн турш үргэлжилж магадгүй” гэж тус яам мэдэгдсэн байна. Хууль зүйн яамны ажилтнууд
хэрэгт холбоотой баримт бичгүүдийг хайж өргөн хүрээтэй шалгалт хийсэн талаараа хэдэн
сарын өмнө мэдэгдсэний дараа шинэ баримт бичгүүд олджээ.
Харин Ардчилсан нам болон Бүгд найрамдах намын 11 сенатчийн зүгээс Хууль
зүйн яамны хяналтын байгууллагад хандан тус яам тогтоосон хугацаанд баримт
бичгүүдийг нийтэлж чадаагүй явдлыг шалгахыг шаарджээ.
Ж.Эпштейн болон түүний туслах Гислейн Максвеллтэй холбоотой хэргийн баримт бичгүүдийг дэлгэхийг АНУ-ын Засгийн газраас шаардсан хуулийг боловсруулагчдын нэг, Бүгд Найрамдах намын төлөөлөгч Томас Масси мэдэгдэхдээ, Хууль зүйн яам тогтоосон хугацаанд баримт бичгүүдийг дэлгээгүй тул “хууль зөрчсөн” гэлээ.
Сенат дахь Ардчилсан
намын бүлгийн дарга Чак Шумер хэлэхдээ “томоохон
зүйлийг нуун дарагдуулах”-ыг оролдож байна хэмээн Ерөнхийлөгч Дональд
Трампыг буруутгажээ. “Америкчуудын асуулт бол тун энгийн: Энэ бол тэд юуг, яагаад нууж байна вэ?” гэж тэрбээр хэлсэн байна.
Ulaanbaatar