Европын иргэдийг АНУ-д нэвтрэхийг хориглосон шийдвэрийг шүүмжилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-12-25 11:39:31

БРЮССЕЛЬ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /Xinhua/. Европын орнуудын таван иргэний АНУ-д зорчих эрхийг хязгаарлах тухай шийдвэрийг Европын Комисс эрс шүүмжлээд, Европын Холбооны зохицуулалтын бие даасан байдлыг хамгаалахын тулд шаардлагатай тохиолдолд "хурдан, шийдэмгий" арга хэмжээ авна гэдгийг анхааруулжээ. Уг таван албан тушаалтны дотор Европын Комиссын гишүүн асан Тьерри Бретон байна. 


"Үг хэлэх эрх чөлөө бол Европ дахь үндсэн эрх бөгөөд АНУ-ын хувьд мөн адил гол үнэт зүйл юм" гэж Европын Комиссын албан ёсны төлөөлөгч мэдэгдсэн байна. Европын Холбоо бол "дүрэм журамд тулгуурласан нээлттэй нэгдмэл зах зээл" бөгөөд ардчилсан үнэт зүйлс, олон улсын өмнө хүлээсэн үүрэгтээ нийцүүлэн эдийн засгийн үйл ажиллагаагаа зохицуулах  эрхээ хамгаалдаг гэдгийг тэрбээр мөн цохон тэмдэглэжээ. 


Тэрбээр хэлэхдээ, цахим үйлчилгээний талаарх Европын Холбооны дүрмийг "бүх компаниудын хувьд аюулгүй, шударга, тэгш өрсөлдөөний орчин"-ыг хангах зорилгоор боловсруулсан бөгөөд шударгаар, ялгаварлан гадуурхахгүйгээр хэрэгжүүлж байгаа гэв.


Европын Комисс АНУ-ын эрх баригчдаас тайлбар хийхийг хүссэн бөгөөд асуудлыг үргэлжлүүлэн шийдвэрлэж байгааг албан ёсны төлөөлөгч нэмж хэлэв.


Европын Холбооны орнуудын болон Их Британийн таван иргэнд визийн хязгаарлалт тогтоож байгаагаа АНУ-ын Төрийн Департамент мягмар гарагт мэдэгджээ. Эдгээр хүмүүс нь Америкийн нийгмийн сүлжээнүүдийн контентыг цензүүрдэхэд оролцсон гэж мэдэгдэлд дурдсан байна.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын олон нийтийн дипломат ажиллагаа хариуцсан орлогч Сара Рожерс X (хуучнаар Twitter) сүлжээнд таван иргэний нэрийг нийтэлсэн байна. Тэрбээр Тьерри Бретоныг "Цахим үйлчилгээний тухай хуулийг санаачлагч" гэж үзэж байгаа ажээ. 



Related news