ХОВД: Нэг нийгмийн ажилтан 3-4 мянган хүнд хүрч үйлчилдэг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2023-03-20 14:30:24

Жаргалант /МОНЦАМЭ/. "Дэлхийн нийгмийн ажлын өдөр"-ийг тохиолдуулан Ховд аймагт олон талт ажил зохион байгуулж байна.

Тодруулбал, "Хамтран ажиллах замаар ялгаатай байдалд хүндэтгэлтэй хандахуй" уриан дор  "Бусдын төлөө хайр түгээе" нэгдсэн үйл ажиллагаа зохион байгууллаа.

Ховд аймгийн 17 сумын боловсрол,  эрүүл мэнд,  халамжийн үйлчилгээ, нийгмийн бодлого, хууль эрх зүй, гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бүхий л байгууллагын нийгмийн ажилтнууд энэхүү үйл ажиллагаанд нэгдэн оролцож, хамтдаа хөгжиж байна. 

"Бусдын төлөө хайр түгээe" үйл ажиллагааны хүрээнд нийгмийн ажилтнуудын дунд спортын тэмцээн зохион байгуулсан бөгөөд оролцогчдын 40 орчим хувийг нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг, шинжилгээнд хамруулжээ.  

Үүний зэрэгцээ өнөөдөр "Нийгмийн ажилтнуудын өмнө тулгамдаж буй асуудал, шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг, сургалтыг тусгай хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу өрнүүлж байна. Энэ нь нийгмийн ажилтнууд бие биеэсээ туршлага судалж, цаашид анхаарах асуудлаа хамтын оролцоотой тодорхойлох боломж бүрдүүлж байгаагаараа онцлогтой.

Мөн нийгмийн ажилтнуудын санаачилгаар "Цэцэг", "Ном", "Тоглоом" гэсэн гурван өртөө ажиллууллаа. Өртөөнд цугласан ном, бусад зүйлсийг тусгай хэрэгцээт хүүхдийн хөгжлийн төвд хандивлах юм.

Ховд аймагт одоогоор 140 гаруй нийгмийн ажилтан ажиллаж байгаа бөгөөд дунджаар 3-4 мянган хүнд хүрч үйлчилдэг. Сургуулийн хэмжээнд нэг нийгмийн ажилтан дунджаар 1400 хүүхэд, 2000-аад эцэг эх, багштай харилцаж, хамтран ажилладаг гэх судалгаа гарчээ. Энэ нь нийгмийн ажилтны ажлын ачаалал их байгааг илэрхийлж байна.   

Related news