ХЭНТИЙ: Аймгийн баг тамирчид гурав дахь удаагаа цомын эзэд боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-03-29 09:51:23

Чингис /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Чингис хотод бадминтоны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 25-28-нд зохион байгуулав. 

Тус тэмцээнд Архангай, Баянхонгор, Хэнтий, Өмнөговь, Дархан, Хөвсгөл, Налайх, Дорнод аймаг болон Шаттл, Ёл, SRP клубийн нийт 253 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдөж, аваргуудаа тодрууллаа. Тэмцээний нийлбэр дүнгээр Хэнтий аймгийн баг тамирчид 395 оноогоор тэргүүн байр эзэлж, цомын эзэд болсон бол, Архангай, Дорнод аймгийн баг тамирчид удаах байруудад шалгарчээ.

Энэ үеэр Хэнтий аймгаас хоёр дэд мастер төрөн гарсан баярт мөч мөн тохиолоо. Тодруулбал, Хүүхдийн спортын VI их наадамд ганцаарчилсан төрөлд алтан медаль, 2022 оны өсвөрийн улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээнд алтан медаль хүртсэн Ч.Наранбаяр, Хүүхдийн спортын VI их наадамд ганцаарчилсан төрөлд алтан медаль, Насанд хүрэгчдийн /Мэргэжлийн ангилал/ 2021 оны улсын аварга шалгаруулах бадминтоны тэмцээнд хүрэл медаль хүртсэн Г.Уранзул нарт Спортын дэд мастер цол олгов. Шагналыг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, аймгийн Бадминтоны холбооны тэргүүн Б.Энх-Эрдэнэ, Монголын бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Оюунгэрэл, Ерөнхий менежер Б.Ууганбаяр нар гардуулж баяр хүргэлээ. 

Тус тэмцээнийг Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны 100 жилийн ойн хүрээнд тус аймгийн ЗДТГ, аймгийн бадминтоны холбоо, Монголын бадминтоны холбоо тус тус хамтран зохион байгуулжээ. 

Related news