ХЭНТИЙ: Орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 63 жилийн ой тохиов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙЧингис /МОНЦАМЭ/. Энэ онд Хэнтий аймагт орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 63 жилийн ой тохиож байна.
Эл өдрийг тохиолдуулан Хэнтий аймгийн ГХБХБГ-аас “Барилгын ажилтны өдөрлөг” баярын үйл ажиллагааг зохион байгуулж, тус аймагт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон барилгын салбарын бүтээн байгуулалтад гар бие зүтгэж буй ажилтан, алба хаагчид, үе үеийн ахмад буурлууд оролцож, нэгэн өдрийг нөхөрсөг спортын тэмцээнүүдээр өрсөлдөн өнгөрүүлэв.
Мөн энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав орон нутгийн хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа зарим эрхмүүдийг салбарын шагнал, жуух бичиг, хүндэт тэмдгээр шагнаж баяр хүргэлээ.
Хэнтий аймаг 2016-2022 он хүртэлх сүүлийн долоон жилийн хугацаанд улсын төсвийн 508.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг хийсэн бол 2023 онд 92 төсөл арга хэмжээний 279 тэрбум төгрөгийн ажлыг хийхээр төлөвлөөд байгаа юм.
Тодруулбал, зөвхөн боловсролын салбарт л гэхэд 2019-2022 онд дөрвөн сургууль, зургаан дотуур байр, 15 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулсан бол 2023 онд таван сургууль, нэг дотуур байр, хоёр цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.