Р.Эрдоган: Туркийн амгалан тайван байдлыг террористууд алдагдуулж чадахгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРАНКАРА, 2023 оны аравдугаар сарын 2 /Anadolu/. Туркийн энх тайван, аюулгүй байдлыг алдагдуулахыг оролдсон террористууд зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй гэж Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган ням гарагт мэдэгджээ.
Ням гаргийн өглөө нийслэл Анкара хотод Дотоод хэргийн яамны Аюулгүй байдлын ерөнхий газрын ойролцоо террорист этгээд амиа золиослон дэлбэрэлт үйлдсэний улмаас хоёр цагдаа шархадсан хэрэг гарсны дараа Р.Эрдоган дээрх мэдэгдлийг хийсэн байна.
Тэрбээр парламентын намрын чуулганы нээлтийн үеэр хэлсэн үгэндээ, цагдаа нар цаг алдалгүй ажилласны дүнд хоёр гэмт хэрэгтнийг аюулгүй болгосон хэмээн онцлоод, эл террорист үйлдэл нь “терроризмын сүүлчийн амьсгал байсан” гэж мэдэгджээ.
Туркийн Ерөнхийлөгч цааш хэлэхдээ, терроризмтой тэмцэхэд эв санааны нэгдэл хэрэгтэй байгааг цохон тэмдэглээд “дөчин жилийн турш манай улсад хүмүүсийн амь нас хийгээд эдийн засагт асар их хохирол учруулсан салан тусгаарлах үзэлтнүүдийн терроризмын асуудлыг хил хязгаар дотроо үндсэндээ шийдлээ” гэж хэлсэн байна.
Турк улс дотоодод болон хилийн чанадад сүүлчийн террористыг устгах хүртлээ терроризмын эсрэг тууштай тэмцсээр байх болно гэдгийг тэрбээр дахин хэлэв. Хоёр террористын нэг нь Аюулгүй байдлын ерөнхий газрын үүдэнд тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас хоёр цагдаа хөнгөн шархадсан бол нөгөө этгээдийг үүдэнд хамгаалалтын албаныхан устгасан байна.
Шархадсан цагдаагийн алба хаагчид эмчлүүлж байгаа бөгөөд амь насанд нь аюул учрахааргүй шарх авсан гэж Дотоод хэргийн сайд мэдээллээ. Анкарагийн прокурорууд террорист халдлагын хэргийг шалгаж эхэлсэн байна. Анкарагийн шүүх халдлагын талаарх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулах, нийтлэхийг хоригложээ.