В.Зеленский: 20 заалт бүхий төлөвлөгөөг АНУ-тай хамтран боловсруулсан
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
КИЕВ, 2025 оны арванхоёрдугаар сарын 25 /NHK/. Оростой хийж буй дайныг зогсооход чиглэсэн 20 заалт бүхий энхийн төлөвлөгөөг Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский танилцуулаад, уг саналыг Украин, АНУ хамтран боловсруулсан гэж мэдэгджээ.
В.Зеленский Украин болон бусад орны сэтгүүлчдийн оролцсон
хэвлэлийн хурлын үеэр уг төлөвлөгөөний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна. Үүнд
Украин улс аюулгүй байдлын баталгаа авах бөгөөд НАТО-гийн 5-р заалтын дагуу хамгаалалтаар
хангагдана гэж заажээ. Мөн Украины зэвсэгт хүчин энхийн цагт 800 мянган алба
хаагчтай хэвээр байх болно гэж тусгасан байна.
Төлөвлөгөөнд аюулгүй байдлын баталгааны хүрээнд Украин улс Европын
Холбооны гишүүн болно гэж заажээ. Харин НАТО-гийн гишүүнчлэлийн талаар
дурдаагүй байна.
Газар нутгийн асуудлын тухайд Донецк, Луганскийн зүүн бүс
нутаг, Запорожье, Херсоны өмнөд бүс нутагт одоогийн цэргүүдийн байршил нь де-факто
“зааглах шугам” болно гэж заажээ. Оросын тал зөвшөөрөхгүй байх төлөвтэй
байгаа тул уг төлөвлөгөөнд Донецк дэх цэрэггүй бүсийн талаар хэлэлцэх санал
багтсан бөгөөд Оросын цэргүүд гарах үед Украины цэргүүд үндсэндээ гарна гэж
үзэж байна.
В.Зеленский мэдэгдэхдээ, үүнийг бүх нийтийн санал асуулгаар
шийдвэрлэх ёстой гээд, нутаг дэвсгэрийн асуудал зэрэг чухал асуудлуудыг
удирдагчдын түвшинд хэлэлцэх ёстой хэмээн хэлжээ. Тэрбээр Вашингтон Москватай хэлэлцсэний
дараа Оросоос хариу хүлээж байгаагаа хэлсэн байна.
Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний хувьд, Москвагийн тавьсан
нөхцөлүүдийг биелүүлээгүй тохиолдолд энх тайван тогтох боломжгүй гэсэн хатуу
байр суурийг баримталж байна. Оросын хувьд, дөрвөн бүс нутгаас Украины цэргүүдийг гаргахыг шаардаж байгаа юм.
Ulaanbaatar