ХЭНТИЙ: Зүүнбүсийн аймгийн зарим хэрэглэгчийн эрчим хүчийг хязгаарлана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2023-12-14 11:32:57
Чингис, 2023 оны арванхоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-ний 16:00-18:00 цагийн хороонд Хэнтий, Сүхбаатар аймгийн хэрэглэгчдийг эрчим хүчээр хязгаарлах болсныг Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн Зүүн өмнөд бүсийн салбараас мэдэгдлээ.

Цаг агаар эрс хүйтэрсэнтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж байна. Үүний улмаас 110/35/6 кВ-ын Өндөрхаан дэд станцын Бор-Өндөрийн оруулгын гүйдлийн трансформатор 150 хувь ачааллаж тоног төхөөрөмж гэмтэх, ослын байдалд орох эрсдэлтэй нөхцөл үүсээд байгаа аж. Тиймээс трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлж солих шаардлагатай байгаа тул ийнхүү эрчим хүчээр хязгаарлах болжээ.

Түүнчлэн ОХУ-ын цахилгаан станц гэмтэж имфортоор авч буй эрчим 2.5 дахин буюу 195МВА -аар буух эрсдэл үүсч байна. Иймд тодорхойгүй хугацаагаар хоногийн аль ч цагт цахилгаан эрчим хүчийг хязгаарлах магадлалтай байна. Иймд хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээ хэмнэж, онц шаардлагагүй цахилгаан хэрэгсэл гэрэлтүүлгээ тэжээлээс салгаж, найдвартай ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг аймгийн ЦТСС-аас ард иргэддээ уриалав.
Related news