БАЯНХОНГОР: Цэргийн бүртгэл энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-09 14:47:09

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн 2024 оны “Цэргийн бүртгэл”-ийг явуулах тухай аймгийн Засаг даргын захирамжийн дагуу нэгдсэн сургалтыг 20 сумын ЗДТГ-ын дарга нарын бүрэлдэхүүнтэй зохион байгуулж цэргийн бүртгэлийг эхлүүллээ.


Цэргийн бүртгэл энэ сарын 8-15-ны өдрүүдэд сумдын Засаг даргын Тамгын газрын хурлын зааланд болох бөгөөд 18-50 насны /2006-1974 онд төрсөн/ эрэгтэйчүүд бүртгэлд хамрагдах юм. 


Өчигдөр эхэлсэн цэргийн бүртгэлийн байдлаас харахад зарим иргэд бичиг баримтын бүрдэл дутуу ирэх тохиолдол гарч, чирэгдэл үүсгэж байгааг албаныхан хэлээд, бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлж ирэхийг санууллаа.


Үүнд: 

Иргэний үнэмлэх

Цэргийн үүрэгтний үнэмлэх

Ажлын газрын үнэмлэх

Цэргийн үүрэгтний үнэмлэхгүй бол 3х4 хэмжээтэй цээж зураг 2 хувь


Биеэр очих боломжгүй иргэд E-Mongolia цахим бүртгэлд хамрагдах боломжтой бөгөөд энэ сарын 8-15-ны хооронд бүртгүүлж, бүртгүүлсэн тухайгаа багийн Засаг даргадаа заавал мэдэгдэхийг мөн сануулав.


Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгэлд хамрагдаагүй тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 15.17 дугаар зүйлийн 3 дахь заалтын дагуу хариуцлага  тооцох юм байна.

Related news