ХЭНТИЙ: БНХАУ-ын Нанжин хоттой соёлын чиглэлээр хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2024-02-06 14:07:08
Чингис, 2024 оны хоёрдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Нанжин хотын захиргаа болон Соёл урлаг, аялал жуулчлалын асуудал хариуцсан хэлтсийн дарга нар Хэнтий аймагт хүрэлцэн ирж, холбогдох хэлтсийн дарга нартай албан уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд эхний ээлжинд төрийн албан хаагчдыг туршлага судлуулах, сургалтад хамруулах, Хан Хэнтий чуулгын уран бүтээлчдийн тоглолтыг тус хотын иргэдэд толилуулахаар харилцан тохиролцлоо.

2022 онд Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, БНХАУ-ын Нанжин хотын захирагч Шиа Синьмин нарын хооронд аялал жуулчлал, эдийн засаг, худалдаа, соёл боловсрол, спортын чиглэлээр хамтран ажиллах санамж бичиг байгуулсан нь ийнхүү ажил хэрэг болж байна.

Нанжин хот нь БНХАУ-ын Дорнод нутаг, Хөх мөрний өмнөд эрэгт байдаг, эртний их түүхтэй, найман сая оршин суугчтай хот юм. Тус хотод гадаад, дотоод худалдаа, банк санхүүгийн салбар маш эрчимтэй хөгжиж, бүс нутгийн хэмжээний бизнес, эдийн засаг, худалдааны том төв болж өргөжиж чадсан төдийгүй орчин үеийн цахим техник, цахилгаан эрчим хүч, нефть, нэхмэл сүлжмэл, хүнс, барилгын материалын үйлдвэрийн төв цэг болжээ.
Related news