ЗАВХАН: Үерт автсан айлуудад 400 сая төгрөгийн тусламж олгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2024-06-18 21:15:45

Улиастай, 2024 оны зургаадугаар сарын 18 /МОНЦАМЭ/. Улсын Онцгой комиссоос үерт автсан 40 өрхөд гэр, үерийн дараах хор уршгийг арилгахад 400 сая төгрөг олгохоор шийдвэрлэлээ.

Завхан аймгийн Улиастай суманд 6 дугаар сарын 17-нд түр зуурын хүчтэй аадар бороо орсны улмаас олон айл үерт автсан юм.


Үерт 158 айл өрх их, бага хэмжээгээр өртсөн бөгөөд үүссэн нөхцөл байдлыг үндэслэн, улсын Онцгой комиссын даргын тушаалаар  орон гэргүй болсон 40 өрхөд гэр олгохоор шийдвэрлэлээ.


Мөн хүнсний багц, 120 тн ариутгалын бодис, усны гутал 50 хос, автомакс 6 зэрэг хамгаалах хувцас хэрэгсэл болон үерийн гамшгийн дараах хор уршгийг арилгахад шаардлагатай 400 сая төгрөгийг шийдвэрлэсэн байна.


Тусламжийн цуваа өнөөдөр Завхан аймаг руу хөдөлсөн бөгөөд иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг хийж байна гэж Завхан аймгийн Онцгой комиссоос мэдээлэв.


Хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагаанд 21 байгууллагын 358 албан хаагч 57 техник хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэж байна.


Мөн Цаг уурын байгууллагын мэдээллээр энэ сарын 18-наас баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар борооших тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. 







Related news